Нэг төвөөс олон төвт хот руу

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Нэг төвөөс олон төвт хот руу

Нэг төвөөс олон төвт хот руу

Баянхошуу болон Сэлбэд дэд бүтцийн төв байгуулах ажлын албан ёсны нээлт өнөөдөр /2018.5.28/ боллоо.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу нэг төвт хотоос олон төвт хот болгохыг зорьж байгаа. Энэ хүрээнд “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төсөл гурван үе шаттайгаар есөн жилийн хугацаанд хэрэгжих юм. Төслийн эхний шатанд нийслэлийн хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх  юм. Албан ёсны нээлтэд нийслэлийн Засаг дарга С.Батболд болон төсөл гүйцэтгэх компаниудын төлөөлөл оролцов.

Түүхэнд тэмдэглэгдэхүйц томоохон ажил болно

Нийслэлийн Засаг дарга С.Батболд нээлтийн үеэр “Нийслэлийг хөгжүүлэх томоохон төслийн нэг нь энэ төсөл. Төслийн ач холбогдол нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах. Агаар, хөрсний бохирдол буурч, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл сайжрах юм. Зөвхөн шугам, цахилгаан холбоод зогсохгүй хүүхдүүдийг нь цэцэрлэгтэй болгож, асуудлыг бүхлээр нь авч байгаа тул Улаанбаатар хотын түүхэнд тэмдэглэгдэхүйц томоохон ажил болох юм” гэлээ.

Төсөл бусад дүүрэгт хэрэгжинэ

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотод хамгийн их тулгамддаг гэр хороололд инженерийн шугам бий болгох замаар айл өрхүүдийг орон сууцжуулах, иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм. Хоёрт, алслагдсан хороодод цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) зэрэг дэд төвүүд дутагдаж байдаг. Төслийн хүрээнд тухайн хорооны иргэдийн нийгмийн хэрэгцээг хангасан шинэ төв бий болж байна. Цаашид энэ төсөл бусад дүүрэгт хэрэгжинэ” гэв.

сургуулийн өмнөх насны хүүхдийн 63.49 хувь нь цэцэрлэгт хармагдана

Баянхошуу дэд төвд дараах ажлыг хийх юм байна.

  • 7.42 км автозам барих бөгөөд 2019 оны II улиралд хүлээлгэн өгнө
  • 1000 шоо метр хүчин чадалтай усан сан байгуулах
  • 50 айлын орон сууц барьж энэ оны есдүгээр сард хүлээлгэн өгөх
  • 240 хүүхдийн цэцэрлэг байгуулж мөн оны есдүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх юм байна

Дээрх ажлын үр дүнд Баянхошууны иргэд ундны усны найдвартай эх үүсвэрээр хангагдах юм. Мөн тус хэсгийн сургуулийн өмнөх насны (СӨН) хүүхдийн 63.49 хувь нь цэцэрлэгт хармагдах юм байна.

30000 орчим иргэн дулааны шугамд холбогдоно

Сэлбэ дэд төвд дараах ажлыг хийх ажээ.

  • 26.68 Мвт хүчин чадалтай дулааны станц байгуулах
  • 24 м, 30 м, 60 метр төмөр бетон гүүр барих
  • 240 хүүхдийн цэцэрлэг барих
  • 50 айлын орон сууц байгуулах
  • 1000 шоо метр усан сан байгулах
  • Автозамуудыг ус зайлуулах суваг болон гудамжны гэрэлтүүлэгтэй болгох

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын үрд дүнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 30000 орчим иргэн дулааны шугамд холбогдох юм. Түүнчлэн уг дулааны станц ашиглалтад орсноор түүхий нүүрсний хэрэглээ 15000 тонноор буурч, 3700 өрхийн зуух, 10 гаруй аж ахуйн нэгжийн уурын зуухыг халах боломжтой юм байна. Мөн тус бүсийн СӨН хүүхдийн 55.7 нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болох ажээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж