УИХ-ын гишүүн Ч.Улаан өнөөдөр /2018.05.28/ Сүхбаатар аймгийн Засаг даргын хамт мэдээлэл хийлээ. Тэрбээр, Сүхбаатар аймгийн ИТХ учир зүгээ олж, шинэ удирдлагаа сонгосон. Тэд ирэх долдугаар сард Алтан-Овоо тахихаар болсон талаар мэдээлэл хийсэн юм. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаанаас Оюутолгойн асуудлаар тодруулга авлаа. Тэрбээр УИХ-ын нэр бүхий 15 гишүүнтэй хамтран Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх лобби бүлэг байгуулсан юм.
-Лобби бүлэг байгуулагдсанаас хойш ямар ажил хийв. Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал ихээхэн нэмэгдсэн тухай шүүмжлэл гардаг. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан тодорхой асуудлуудыг сайжруулах шаардлага бий. Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хянаж үзэхэд тодорхой заатууд нь хэрэгжихгүй байгаа асуудал ажиглагдсан. Анх батлагдсан ТЭЗҮ-гээс зардлын хэмжээг хэтрүүлсэн гэх мэт. Мөн хоёр талд ногдох ашгийн үзүүлэлтэд ч эргэлзээтэй зүйлс байна. Тэгэхээр энэ асуудлыг нэг бүрчлэн авч үзэх, сайжруулах, Монгол Улсын хуульд нийцүүлэх, Монголын талд үр өгөөжтэй байх боломжийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулах болно.
-Оюутолгойн гэрээг сайжруулах, өөрчлөх асуудлыг хөрөнгө оруулагч тал хүлээж авах эрх зүйн орчин бий юу?
-Анх байгуулагдсан гэрээнд өөрчлөлт оруулах, сайжруулах асуудлыг зохицуулсан тодорхой заалтууд бий.
-“Дубайн гэрээ”-ний тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Дубайн гэрээ бол 57 заалттай. Үүний 21 нь Монголын талын эрх ашгийг хөндсөн, өмнөх нөхцлийг дордуулсан байна. Бүр нарийн тодруулбал, зургаан заалтыг нь хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Эдгээр заалтад аливаа эрсдлийг зөвхөн Монголын талд үүрүүлэх, санхүү, хөрөнгө мөнгөний хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгасан.
-УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг энэ чуулганы хугацаанд дүгнэлтээ танилцуулж амжих уу. УИХ-ын даргын зүгээс ажлын хэсгийг шахаж ажиллаж байгаа гэсэн?
-2008 онд гэрээ байгуулахын өмнөх үйл явцаас эхлээд олон төрлийн материалтай танилцаж, судалгаа хийх ёстой. Тиймээс манай лобби бүлэг ажлын хэсгийг энэ удаагийн чуулган хаахаас өмнө дүгнэлтээ танилцуулахад нь дэмжлэг үзүүлнэ.
Ш.ЧИМЭГ