Тэмээчин бүсгүй Н.Байгалмаад 57.500 евро залилуулсан гэх Эстони улсын иргэн Рой Страйдер мэдээлэл хийлээ.
Рой Страйдер 2009 онд Монголд ирсэн бөгөөд Монголын түүхийн талаар хоёр боть ном, цаатнуудын амьдралын талаар баримтат кино хийж байжээ. Тэмээчин бүсгүй Н.Байгалмаатай анх 2011 онд сошиалаар танилцаж, улмаар Н.Байгалмаагийн жуулчны компанид нь тусалж хамтран ажилладаг байсан талаар тэрбээр ярилаа. Энэ талаар Рой Страйдер цааш хэлэхдээ “Н.Байгалмаа тухайн үед надтай үерхэх саналыг өөрөө гаргасан. Би түүний саналыг зөвшөөрч улмаар хайртай ч болсон. Тэр маш сайхан эмэгтэй байсан. Анх надтай танилцахдаа нөхрөөсөө салаад хоёр жил болж байна гэж хэлж байсан. Гэтэл салсан гэдэг нь худал байсан юм билээ. Надтай танилцаж мөнгө зээлэхийн тулд худал хэлж байсныг нь би сүүлд мэдсэн. Бид 2016 онд Эстони руу явах тухай ярьсан. Энэ саналыг мөн л Н.Байгалмаа гаргасан. Гэхдээ явахаасаа өмнө Монголд байр авна гээд надаас хүүтэй мөнгө зээлэхийг хүссэн. Би түүнд хайртай байсан учраас 57.500 еврог зээлүүлсэн. Ингээд Эстони руу явна гэдэг ч худал болсон. Мөнгө зээлэхийн тулд намайг ашигласан. Н.Байгалмаа эхний хэдэн сар зээлийнхээ хүүг төлж байгаад сүүлдээ ор сураггүй алга болсон. Би хэдэн сар хүлээсний дараа шүүхэд хандсан. Монгол бол хууль, шүүхтэй орон. Тиймээс шүүхийн шийдвэр шударга гарна гэдэгт итгэж байна. Н.Байгалмаа миний тухай болон мөнгөтэй холбоотой худал мэдээллүүдийг нүүр номдоо нийтэлсэн байсан. Н.Байгалмаагийн нөхөр над руу и-мэйл бичиж яагаад шүүхэд хандсан талаар асуусан.
Би анхандаа Н.Байгалмааг сайхан сэтгэлтэй, сайн эмэгтэй гэж итгэсэн. Гэвч надад ярьсан бүхэн нь худал байсан юм билээ.
Шүүхийн хариуг хүлээж байна. Түүний зээлсэн мөнгөний хүү өссөөр байгаа” гэв.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс тэмээчин бүсгүй Н.Байгалмаагийн хэвлэлийн төлөөлөгч Ж.Өнөржаргалаас тодруулахад:
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд Н.Байгалмаатай холбоотой ташаа мэдээллүүд ихээр гарсан. Эстони улсын иргэн Рой Страйдер Монголд дөрвөн зорилгоор ирсэн гэдгээ нүүр номдоо бичсэн байсан. Нэгдүгээрт, Европт болох Дээрхийн гэгээнтэн Далай ламын сүсэгтэн олонд зориулах сургаал номлолын айлтгалд Монголчуудын бүрэлдэхүүнийг хариуцах. Мөн УИХ-ын гишүүдийн багийг удирдах, баримт киноныхоо уран бүтээлчидтэй уулзах. Дөрөв дэх зорилго нь Н.Байгалмаад мөнгө зээлүүлсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэх гэсэн зорилгоор ирсэн юм билээ. Энэ бүхний цаад зорилго нь Н.Байгалмаагийн аялалд саад хийх гэсэн оролдлого. Европын холбоо Н.Байгалмааг оруулахгүй гэдэг мэдээллийг Европын холбоог төлөөлж Эстони улсын иргэн хэлэх нь сонин биз. Мөн Н.Байгалмааг хилээр гарах гэж байхад нь 10 тэмээг нь битгий гаргуулж өгөөч гэж шүүхэд өргөдөл хүртэл өгсөн.
Эстони улсын иргэний ард Монголд том баг ажиллаж байгаа. Тэд шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдож байна. Гаднын иргэн Монгол Улсад ирээд иргэнийг нь ам хэлээрээ доромжилж, УИХ-ын гишүүдийнх нь багийг удирдана гээд л ярьж байна шүү дээ.
Н.Байгалмаа мөнгө зээлсэн эсэх нь шүүхээр нотлогдоогүй. Нэр хүндэд нь ноцтой халдаж , аялалд нь саад болж байна гэлээ.
Энэ талаар Н.Байгалмаагаас тодруулахад тэрбээр ‘Аяллыг маань зогсоох гэсэн оролдлого гэдэг тайлбарыг өгөв.
Н.Байгалмаа одоогоор 1880 км туулж, Ховд аймгийн Булган суманд хүрээд байгаа аж.