Цэцийн тоон доторх үсэгнүүд

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Цэцийн тоон доторх үсэгнүүд

Цэцийн тоон доторх үсэгнүүд

Аливаа том шуугианы ард нь дандаа хулгай, худал нуугддагийг батлах мэт Оюутолгой, Тавантолгойн сенсаациар халхавчлан УИХ нэгэн том асуудлыг олны “гэрэлд цохиулах”-аас өмнө гялсхан баталсан нь Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгоо байв. Нэр бүхий дөрвөн гишүүний хугацаа дуусч, долоохон хоногийн дотор хэлэлцэн баталсны дараа “Юу болоод өнгөрөв өө, томилчихлоо гэж үү” гэх акц мэргэжлийн хуульчдын дунд хөндөгдөж эхэлсэн ч, алдарт улиг болсон нэг үгийг сануулах нь, галт тэрэг нэгэнтээ хөдөлсөн. Учир нь тэднийг Ерөнхийлөгч эсвэл УИХ-аас л эргүүлэн татах хуультай. Хуульд “Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэсэн заалтай. Тэгэхээр Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр, Ш.Солонгын хувьд шүүх, хуулийн асуудалгүй тул бат араандаа шилжсэн гэсэн үг.  Гэхдээ ийм хуультай байлаа гээд иргэд амаа үдүүлнэ гэсэн үг бас биш л дээ.

Шинээр томилогдсон цэцийн гишүүдийн гурвыг нь Ерөнхийлөгч, нэгийг нь УИХ-ын дарга парламентад оруулж ирсэн юм. Хугацаа нь хэдийнэ дуусгавар болсон Д.Наранчимэг, Н.Жанцан Т.Лхагва, Д.Сугар нарын оронд Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр, Ш.Солонгыг томилох асуудал УИХ-ын дээр, бүр цаашилбал хөх тэнгэрийн дээрх хэдэн хүний ханцуй доторх наймаа, тохироогоор шийдэгдсэн нь нэн тодорхой.

Үндсэн хуулийн 65.2-т тавигдсан “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, 40 нас хүрсэн байх” гэсэн  шаардлагыг хангасан гэх тоон доторх үсэгнүүд, эсвэл үсэг дундах тоонуудын томилгооны асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын өгсөн тайлбар нь “Бүх хүний ойлголтод тааруулах шаардлагагүй” гэх үг. Энэ шалгуураар бол Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 40 нас хүрсэн бол “улс төрийн өндөр мэргэшилтэй” гэх үндэслэлээр хэн ч томилогдож болох нь. Гол нь өргөн мэдүүлэх хүнтэйгээ наймаалцаж чадвал. Наймаа явагдсан бол ард нь мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн хөгжмөө захиалах нь мэдээж. Яг энэ шалтгаанаар цэцийн дээр намууд, намын дээр фракциуд аль хэдийн завилаад удаж буй билээ.

Цэц бол Үндсэн хуулийн манаач. Үндсэн хууль бол төр, ард түмэн хоорондын зөвшилцлийн баримт бичиг. Төр хэнийгээ манаачаар тавих нь намуудын наймааны хэрэгсэл болж хувирсан нь үнэн ч ингээд хонио чоноор мануулаад байх уу.  Эсвэл иргэний эрхийг маань манах манаачийг манах уу? Тэр тусмаа, Төрийн өмчийг хариуцаж байсан, өмч хувьчлалыг голлон зохион байгуулж байсан хүмүүс Цэцийн дор нуугдах, тэднийг нуух ямар учир шалтгаантай байсан бэ гэдэг л асуудлын гол.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн манаач биш, гэмт хэрэгтнүүдийн нуугддаг нуувч болсон уу гэсэн асуудал цэцийн хуулийн “цоорхой”, “цэцдийн” шийдвэр дээр ирээд таг гацдаг болсон. Гэвч ярихаас цаашилдаггүй хуульчид маань өнгөрөгч Баасан гаригт  “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлага, түүний томилгоо”-ны асуудлаар хэлэлцүүлэг хийж, Үндсэн хуулийн цэцэд хандах хууль эрх зүйн гаргалгааг эрэлхийлж байгаа нь ямартай ч сайн агуулгатай юм. Тэд энэ асуудлаар ямар байр суурь илэрхийлснийг эндээс уншаарай. Ингээд ч болтугай хуульчид маань дуугарч, УИХ дээр явагдаж байгаа наймаа, тохирооны асуудлаар байр сууриа илэрхийлэх л хэрэгтэй. Тэр тусмаа бидний амьд явах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг маань хамгаалж өгч байгаа эцэг хуулийг хэн манах вэ гэдэг С.Баярыг шалгах, мөрдөх асуудлаас том сэдэв мөн үү гэвэл мөн.

“Үндсэн хуулийн амин сүнс бол нэгд, иргэний үндсэн эрх. Хоёрт, төрийн эрх мэдлийн хуваарилах зарчим. Гуравдугаар амин сүнс нь,  улс төрийн суурь зохион байгуулалт” гэдгийг Х.Тэмүүжин наснаасаа олон удаа ярьсан байх. Харин одоо цэцийг цэцийн гишүүдээс хамгаалахгүй бол Үндсэн хуулийн цэц улстөрчдийн могойд барьдаг мод болж дуусах нь. Ийм нөхцөлд бид хонио чононд хадгалуулчихаад Үндсэн хуульд заасан үндсэн эрхээ төрөөс нэхнэ гэдэг бүр утгагүй. Цэцийг цэцийн гишүүнээс цэвэрлэх хамгийн том шалтгаан бол энэ.  Манах ёстой хуулиа машинаар солих нь манай манаач нарын хувьд байдаг л асуудал…!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж