“Нэртэйгээр нь 25 хувийн босго тогтоочих” гэв

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

“Нэртэйгээр нь 25 хувийн босго тогтоочих” гэв

Ирэх 2012 оны УИХ-ын сонгуулийг ямар сиситемээр явуулах нь сүүлийн үед олны анхаарлын төвд байх болсон. Өнөөдөр 15 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо Э.Бат-Үүл тэргүүтэй гишүдийн өргөн барьсан сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Гишүүдийн боловсруулсан хуулийн төсөлд тусгаснаар сонгуулийг Монгол Улс тэр чигээрээ сонгуулийн нэг тойрог байх пропорциональ системийн дагуу явуулах аж. Гэвч тус хуулийн төслийг Иргэний Зориг намын дарга С.Оюун Ногоон намын дарга Д.Энхбат нар огтхон ч дэмжихгүй байгаагаа хэлсэн юм. Дэмжихгүй гэсний учир нь сонгуульд оролцсон намууд УИХ-д суудал авахын тулд дор хаяж долоон хувийн босго давах шаардлагатай аж. ИЗН, Ногоон намуудын үзэж байгаагаар долоон хувь гэдэг нь төрийн хатуу чанга диктатуртай ОХУ, Турк зэрэг улсуудад хэрэглэдэг өндөр босго гэнэ. Тиймээс “Нэртэйгээр нь 25 хувийн босго тогтоогоод хувьсгалт нам дангаараа парламентаа бүрдүүл” гэчихгүй юу гэсэн эсэргүүцлийн үг ч чулуудав. Харин Э.Бат-Үүл гишүүн тайлбарлахдаа “Намуудад босго хэмжээг хэтэрхий бага хувиар тогтоохоор мөнгөтэй компани нам байгуулаад цөөхөн хэдэн дэмжигчийн санал авахад УИХ-д чөлөөтэй гарч ирэх боломжтой болчихоод байна. Тэгсэн тохиолдолд улс төрийг бизнестэй хутгаж улсын бодлого алдагдахад хүрдэг. Монгол шиг жижиг улсад мөнгөтэй нам сонгуулиар хэдэн төгрөг зарцуулахад л гараад ирэх боломжтой” гэлээ. Мөн түүнчлэн сүүлийн үед хүмүүс намын бодлого биш, хувь хүнийг сонгодог болсон, түүнээс улбаалан төрийн бодлого алдагдаж юу ярьж байгаагаа өөрөө ч ойлгохгүй шахам хүн гарч ирээд эцэст нь хариуцлага хүлээх эзэнгүй болох магадлалтай, “марзан” сонгууль болоод байна гэв. 
 
Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж