Хөгжмийн найруулагч, дуучин Наки

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Хөгжмийн найруулагч, дуучин Наки

Хөгжмийн найруулагч, дуучин Наки

‘Боловсрол суваг’ телевиз, “Эндемол Шайн” /Endemol shine/ групп хамтран хэрэгжүүлж буй ‘Яг түүн шиг’ шоуны гурав дахь улирал үзэгчдэд хүрээд дөрөв дэх долоо хоногийн нүүрийг үзээд байна. Тус шоуны оролцогч, анхны дугаарын ялагч  ая зохиогч, дуучин Б.Нацагдорж дуулах, бүжиглэх, жүжиглэх авьяасаараа олон нитийн анхаарлыг татаад байгаа билээ. 

Түүний “Ньюс” агентлаг“ Шинэ нэр” буланд 2017 оны арванхоёрдугаар сард өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэе.

Хөгжмийн найруулагч, дуучин Б.Нацагдорж

БАТЛУТ НАЦАГДОРЖ: 1991.02.11

Төгссөн сургууль:

Нийслэлийн 86 дугаар дунд сургууль /2008 он/

Монгол Улсын консерваторийн  хөгжмийн онол, дуулаачийн анги /2008-2011 он/

Соёл урлагийн их сургуулийн хөгжмийн найруулгын анги /2012-2016 он/

Мэргэжил: Хөгжмийн найруулагч

Одоо эрхэлж буй ажил: Продюсер, ая зохиогч, дуучин

Сошиал хуудас: Naki Naki /фэйсбүүк/

АНХНЫ АМЖИЛТ

-Би анх 2010 онд “Сүнс” хамтлагийн Б.Лхагвасүрэн ахын дуу бичлэгийн студид ажилладаг байсан. Үүний дараагаар 2012 оноос эхлэн гавьяат дуучин Ж.Алтанцэцэгийн “Pro sound” студид Рагутай хамтран хоёр жил дууны инженерээр ажилласан.  Дуучин хүн мэдээж тайзан дээр дуулна. Гэхдээ тодорхой хэмжээний дуу бичлэгийн студийн талаар мэдлэг, туршлагатай байх хэрэгтэй гэдэг үүднээс найзтайгаа хамтран 2013 онд ‘Ocean Grey’ дуу бичлэгийн студиэ байгуулсан. 

Хамгийн анх “Вива сити” хотхонд 60 метр квадрат өрөө түрээсэлж, БНХАУ-ын Эрээн хотоос барилгын материалаа худалдан авч, тохижуулж байлаа. Одоо студиэ байгуулаад дөрвөн жил болчихсон байна. Өнгөрсөн хугацаанд багагүй уран бүтээлчидтэй хамтран чамгүй амжилттай ажиллалаа.

БАГА БАЙХЫН УРЛАГТ ХАЙРТАЙ, ДУУЛАХ ДУРТАЙ ХҮҮХЭД БАЙВ УУ?

-Би цэцэрлэгт байхаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Гурав, дөрвөн настай байхдаа л хөдөө эмээ, өвөөгийндөө уртын дуу их дуулна. Багадаа “Жороо баахан улаан” ардын дууны нэг бадгийг цээжилчихсэн, өдөр, шөнөгүй л дуулдаг байсан санагдана.

Намайг хоёрдугаар ангид байхад аав, ээж маань анх Монголын хүүхдийн ордны дуулаачийн ангид хөтлөн оруулж байлаа. Би тэр өвөлдөө нэг тэмцээнд орсон ч байр эзлээгүй л дээ. Түүний дараагаар Хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан “Одод болохын хүслэн” тэмцээнд оролцож, хоёрдугаар байр эзэлж байсан юм. Тэр үед л гэр бүлийнхэн, багш маань намайг дэмжиж, урам өгч байлаа. 

-ДУУЧИН ХҮН ӨӨРӨӨ ХӨГЖМИЙН НАЙРУУЛГАА ХИЙХ НЬ МАШ ТОМ ДАВУУ ТАЛ БАЙХ?

-Дуучин хүн зөв дуугаа сонгож дуулах ёстой. Ингэхийн тулд өөрийнхөө хоолойнд ямар ая, хөг тохирох вэ гэдгийг сайн мэдэж байх хэрэгтэй. Тэр талаасаа хөгжмийн найруулагч дуучин хүний хоолойнд нь тохирсон хөгжмийн найруулгыг хийх ёстой л доо. Тийм учраас дуучин өөрийнхөө хоолойнд тохирсон хөгжмийн найруулгаа хийх нь маш том давуу тал юм.

Би дууны аялгууг их онцолж, илүү ажилладаг. Дууны шүлэг бичихийг хүсдэг ч цаг зав төдийлөн гарахгүй байна. Монголчууд сайхан аялгуутай дууг сорчилж, сонсдог ард түмэн шүү дээ. Тийм учраас миний хувьд маш сайхан аялгуутай, өвөрмөц дуу хийхийг зорьдог доо.

МОНГОЛЫН РОК, ПОПЫН ЕРТӨНЦӨД ХӨГЖМИЙН НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖИЛТЭН ХЭР ОЛОН БАЙДАГ ВЭ?

-Би сүүлд Соёл урлагийн их сургуулийг хөгжмийн найруулагч мэргэжлээр төгссөн анхны төгсөгчдийн нэг. Хөгжмийн найруулагч нь урлагийн салбарт үнэхээр хэрэгцээтэй мэргэжил. Одоогоор Монголын рок, попын ертөнцөд продюсер, хөгжмийн найруулагчаар ажиллаж буй Н.Халиун, Ц.Байдраг, Н.Баярхүү, Б.Одбаяр, Н.Тэмүүлэн, А.Болорхүү, С.Гантөр, Б.Чинбат гэх мэт тоотой хэдхэн хүмүүс бий. 

Хөгжмийн найруулагчид их өвөрмөц мэдрэмжтэй хүмүүс байдаг. Тийм учраас дотроо өөр өөрсдийнхөө стиль, жанраар бас ялгарна. Жишээлбэл хөгжмийн найруулагч Болорхүү ах рок, симфони найрал хөгжмийн найруулгыг маш сайхан хийдэг бол Н.Халиун ахын хувьд АНУ-ын поп хөгжмийг үнэхээр сайхан хийдэг байх жишээтэй.

МОНГОЛЫН УРЛАГТ ЯМАР ‘САЛХИ ШИНЭЭР ҮЛЭЭЖ’ БАЙНА ВЭ?

-Монголын хөгжмийн ертөнц гэлтгүй дэлхийн хөгжмийн чиг хандлага хуучны 1980, 1990-аад оны дуугаралтуудыг шинэчлэн, шинэ урсгалыг гаргаж ирсэн. Мөн нөгөө талд АНУ-ын хип хоп хөгжим дэлхий даяар өргөн тархаж байна. Үүний тод жишээ нь Монголд треп хөгжмийг сонсогч залуус олон болсон. 

ХАМГИЙН СҮҮЛД ЯМАР БҮТЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАСАН БЭ?

-Сүүлд гавьяат дуучин Т.Ариунаагийн үе үеийн хит дуунуудаа шинэчлэн гаргаж буй “Космик” цомгийн “Космик” хэмээх шинэ уран бүтээлийн хөгжмийн найруулга дээр ажилласан. Энэ дуу хүмүүсийн сонсох дуртай дуу нь болж байгаад олзуурхаж байгаа.

Мөн “Боловсрол суваг” телевизээс зохион байгуулж буй охидын цоо шинэ залгамж халааг бэлтгэх “Оддын академи” шоунд хамтран ажиллах санал хүлээж авсан. Уг шоуны суралцагчдад дууны хичээлийг онолын талаас нь заагаад дөрөв дэх долоо хоногтоо ажиллаад явж байна. 

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Ер нь студийнхээ найзуудтайгаа чөлөөт цагаараа спорт зааланд хөл бөмбөг тоглох дуртай. Би Ливерпүүлийн фанат. Бас байгалийн сайхныг мэдэрч, салхинд гарахыг боддог.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ 

-Би “Ocean Grey’ дуу бичлэгийн студийн ажлаасаа түр завсарлан энэ онд цомгийнхоо уран бүтээлд төвлөрөөд байгаа. Миний хувьд дуучин А.Хишигдалайтай хамтран “Мi Senti” дуэт дуугаараа өөрийн бие даасан уран бүтээлийг эхэлсэн.

Өөрийн бие даасан цомгийн ажлаа томоохон төсөл болгож, ажиллахыг зорьж байна. Мөн дэлхийн томоохон интертайнмент компанийн продюсингийн ажлыг хариуцах бодолтой байгаа. Ингэснээр Монголын хөгжмийн зах зээлд продюсингийн энэ зарчмыг нэвтрүүлж, дэлхийд урлагаа сурталчилж, чиглүүлэхийг хүсэж явна.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Монголын урлагийн салбарт хөл тавиад удаагүй байгаа ч энэ салбарт зохиогчийн эрхийн тал дээр хөгжихгүй байна уу гэж хардаг. Хөгжмийн зах зээл тэлэхгүй байгаа гол шалтгаан нь зохиогчийн эрхтэй холбоотой гэж бодсон. Тиймээс уран бүтээлчид болон бүх шатны мэргэжилтнүүд хамтран эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй байна. Залуу хүний хувьд хамгийн түрүүнд зохиогчийн эрхийн эрх зүйн орчноо маш сайн судлах хэрэгтэй. Дэлхий дээр зохиогчийн эрхийг маш сайн хэрэгжүүлдэг газар урлаг амжилттай явж байдаг. Хамгийн сайн уран бүтээлч хамгийн өндөр цалинг авч ажилладаг.

Гэтэл өнөөдөр манай оронд эсрэгээрээ цалингүй, чөлөөт уран бүтээлч нэрийн дор явж байдаг. Тэр талаасаа хөгжмийн урлагийнхаа салбарт өөрийн хувь нэмрийг оруулахыг хүссэн залуус надтай нэгдээсэй гэж хүсдэг.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Хүний амьдралд зорилго маш чухал. Тийм учраас ирээдүйн зорилгоосоо ухарвал юуг  ч бүтээж чадахгүй. Залуу хүнд үргэлж боломж бий. Цаашдаа Монголын маань хойч үе болсон залуус илүү том зорилгыг өмнөө тавьж, амжилтын оргилд гараасай гэж хэлмээр байна.  

 Гэрэл зургийг Э.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж