Талбайн теннисний энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн (Roland-Garros) өчигдөр (2018.05.27) Парис хотод эхэллээ.
Энэ жилийн Парисын “Их дуулга”-ын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 128 теннисчин дунд ОХУ-ын Мария Шарапова, АНУ-ын Серена Уильямс нарын алдартай тамирчид багтлаа.
Сэргээшийн асуудлаас болж хэсэг хугацаанд шийтгэл хүлээсэн ОХУ-ын Мария Шарапова дахин талбайд гарсан ч төдийлөн өндөр амжилтыг үзүүлж чадаагүй байна. Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан Шарапова Парисын “Их дуулга”-д 28-д эрэмбэлэгдэн тоглоно. Түүний эхний учраа Нидерландын теннисчин Хогенкамп юм.
Хэдхэн хоногийн өмнө Их Британы хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нарын хуриманд хүндтэй зочноор уригдсан Серена Уильямс дахин талбайд гарлаа. Түүний эхний учраа Чехийн теннисчин Плишкова юм. Сонирхолтой нь Серена Уильямс, Мария Шарапова нар дөрөвдүгээр тойрогт хүрч чадвал тэд хоорондоо тоглоно.
Энэ жилийн Францын нээлттэй тэмцээний анхаарал татаж буй теннисчин Шарапова өнөө шөнө эхний тоглолтоо хийх бол Серена Уильямс маргааш талбайд гарна.
Өчигдөр Парист эхэлсэн энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн зургадугаар сарын 10-ны өдөр өндөрлөнө.