УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг санаачилсан ч УИХ-аас дэмжлэг аваагүй юм.
Энэ хуулийн төсөл нь 1990 оны зургадугаар сарын 1-нээс өмнө МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэд холбоо, Монголын оюутны холбоог үүсгэн байгуулалцаж элссэн гишүүн, зохицуулагч болон идэвх зүтгэлтэй оролцож явсан талаар хөдөлшгүй нотлох баримттай Монгол Улсын иргэнд сар бүр мөнгөн тусламж олгох, дотоодын рашаан сувиллын эрхийн бичгийн үнэ, ирэх, буцах замын зардал жилд нэг удаа олгох, орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулж жилд нэг удаа тусламж олгох, өөрийн өмчлөлийн орон сууцгүй Ардчилсан хувьсгалын анхдагчдад нэг удаа нэг өрөө байр эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн тусламж олгох зэрэг тусламж олгохоор хуульчилсан байсан билээ.
Уг хуулийн төслийг УИХ-д өргөн барих үеэр С.Эрдэнэ партизануудаа мөнгөөр ‘базах’ гэж ийм арга санаачиллаа хэмээн шүүмжлэл өрнөж эхэлсэн. Харин түүний санаархал бүтэлгүйтэж, УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд хуулийн төсөл ‘унав’.
Т.НОМИН