Хойд ба Өмнөд Солонгосын удирдагчид өнгөрсөн Бямба гаригт /2018.05.26/ гэнэтийн уулзалт хийлээ. Хоёр удирдагчдын уулзалт нэг сарын хугацаанд хийсэн хоёр дахь уулзалт болж байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хойд Солонгостой хийх уулзалтаа цуцлах мэдэгдэл хийснээс хойш хоёр хоногийн дараа энэхүү уулзалт болсон нь олны анхаарлыг татаж байна.
Ким, Мун нар хоёр Солонгосын цэрэггүй бүсэд уулзсан юм. Хоёр цаг үргэлжилсэн уг уулзалтаар ирэх сард болох АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг амжилттай явуулах болон бусад асуудлаар санал бодлоо солилцсон гэж Өмнөд Солонгосын Ерөхийлөгч Мун Жэ Ин мэдэгдлээ.
Өнгөрсөн Пүрэв гаригт /2018.05.24/ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп түүхэн уулзалтыг цуцалснаа албан ёсоор зарласан бол Хойд Солонгосын удирдагч уулзалт цуцлагдсан мэдэгдлийн дараа яриа хэлэлцээнд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Харин маргааш нь буюу Баасан гаригт Д.Трамп уулзалт хэвээр үргэлжлэх талаар цахим хуудсаараа мэдэгдэл гаргаж эхэлсэн. Эдгээр дараалсан мэдэгдлийг шинжээчид “Д.Трамп хөзрийг гартаа барьж байгаагаа ойлгуулахын тулд гаргасан үйлдэл”, зарим нь “Д.Трамп бизнес хийж чадах ч, дипломат тохиролцоо хийж чадахгүй байна” гэж үзэхэд хүргэж байна.
Ямартай ч гэнэт зарласан энэхүү уулзалт АНУ-Хойд Солонгосын энхийн тохиролцоонд Өмнөдийн Ерөнхийлөгч Мун Жэ Иний зуучлагчийн оролцоо чухал байр суурь эзлэхийг батлан харууллаа.
Ө.Баярзул
Эх сурвалж: CNN