Хуулийн хэрэгжилтийг шалгав

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Хуулийн хэрэгжилтийг шалгав

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал өнөөдөр Архидан согтуурахтай тэмцэх хуулийн хэрэгжилттэй танилцлаа. Монгол Улс анх 2004 онд Архидан согтуурахтай тэмцэх санг байгуулж байсан бол энэ жилээс л хөрөнгө суулгаж эхэлсэн юм байна. Тиймээс сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавихаар дэд сайд зарим байгууллагаар очсон юм. Түүний очсон эхний газар нь Архидалд, мансуурлын эсрэг ассоицаци байв. Эднийх Баянзүрх дүүрэгт байрлалтай бөгөөд архины хамааралтай болсон, донтсон хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тиймээс ч энэ хүрээндээ тодорхой хэмжээний санхүүжилтийг сангийн хөрөнгөөс авчээ. Тодруулбал, санд хуримтлагдсан нэг тэрбум төгрөгийг архидан согтуурахтай тэмцэх зорилгоор 14 төрийн бус байгууллагатай хамтран зарцуулж байгаа аж. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хяналтад дор сангийн хөрөнгийг зарцуулдаг бөгөөд тодорхой төвүүдийг байгуулаад байгаагийн нэг нь дэд сайдын очсон төв байв. Төрийн бус байгууллагынхны хэлснээр бол Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт ийм төв байгуулах шаардлагатай байгаа аж. Учир нь, ШШГЕГ-ын харьяа архины албадан эмчилгээний төв гэж байдаг ч тэнд эмчлүүлсэн хүмүүсийг цаашид архины хамаарлаас ангид байлгах сургалт, сурталчилгааны ажил дутагдалтай байдаг юм байна. Энэ нь ч зарим статистик мэдээллээс харагдаж байв. Албадан эмчилгээний төвөөр сардаа 180-250 хүн эмчлүүлдэг юм байна. Гэсэн ч тэдний 30 орчим хувь нь эргэж ирдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ нь архины хамааралт дахин автахаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байгааг хэлж байлаа. В.Удвал сайд Монгол Улс ойрын 10-15 жилд архинд хамааралтай байгаа хүмүүсээ эмчилж авахыг зорьж буйгаа хэлээд үүний тулд нийгмийн сэтгэл зүйд ихээхэн анхаарах шаардлагатай байгааг онцолж байсан. 

Дэд сайдын дараагийн очсон газар нь Төмөр замын цагдаагийн хэлтсийн дэргэдэх эрүүлжүүлэх байр байв. Эднийх төрийн бус байгууллагуудтай хамтран архины хор хөнөөлийг ойлгуулах, сэтгэл заслын кабинетыг тохижуулсан байна. Цаашид бүх эрүүлжүүлэх байрны дэргэд ийм кабинет байгуулбал, архинаас хамааралтай болсон хүмүүст туслахад илүү хялбар болохыг хэлж байсан юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж