УИХ дахь МАН, АН-ын бүлэг Даваа гариг бүр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэдэг уламжлалтай билээ. Үүний дагуу УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдах товтой байсан ч АН-ын бүлэг Лхагва гаригт хуралдахаар болжээ.
Өнгөрсөн Лхагва гаригт /2018.05.23/ УИХ-дахь АН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрын нэр бүхий хоёр гишүүнийг огцруулах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдсэн. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар их өр дарсан мэт хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих болсон талаар АН-ын бүлэг шүүмжилсэн юм. Тухайлбал, “2016 онд нийт гадаад өр 19.9 их наяд төгрөг байсан. Нэг жилийн дотор буюу 2017 онд нийт гадаад өр 22.1 их наяд болж өмнөх оноос зургаан их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Засгийн газрын өр, улсын гадаад өр өсөхөд шууд нөлөөлсөн байна. Өнөөдрийг хүртэл эрх баригчид нэг ч км зам тавиагүй, нэг ч томоохон бүтээн байгуулалтын ажил хийгээгүй. Нэг ч төсөл хөдлөөгүй” гэдгийг тэд мэдээлэл хийх үеэрээ онцолж байсан юм.
АН-ын бүлэг лхагва гаригт ямар асуудал хэлэлцэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Монгол Улсын гадаад бодлогыг хаалттай хуралдах асуудал яригдаж буй. Тиймээс энэ асуудлаар УИХ-дахь АН бүлэг байр сууриа нэгтгэж магадгүй.