Улаанбаатар хотын хэмжээнд авто зам болон дулааны төв шугамыг өргөтгөж, шинэчлэн засварлах ажил хийгдэж байгаатай холбоотойгоор энэ сарын 28-ныг хүртэл нэр бүхий газруудад усны хязгаарлалт хийж эхэлжээ. Тодруулбал, Төмөр замын зүтгүүрийн депо, 31-р сургууль, «Монгол шаазан» компанийн орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарласан байна. Одоогоор Төв шуудан, Хөрөнгийн бирж, Төрийн ордон, Төв номын сан, Гадаад харилцааны яам, Зориг сан, МУБИС, Ионсей эмнэлэг, СТО, Туушин ХХК-ийн зочид буудал, Усан бассейн, “Чингис хаан” зочид буудлын хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хаагаад буй аж. Дашрамд сануулахад, цаашид ч халуун усны хязгаарлалт үргэлжлэх аж. Ингэхдээ энэ сарын 25-наас есдүгээр сарын 10-ны хооронд Сэргэлт, Хайрхан, Автобус-1, Атар өргөө, Дулааны сүлжээ ХК, Хараагүйчүүдын үйлдвэр, ХIХ хорооллын орон сууцууд, ЦШСГ, Хан-Уул дүүргийн Тамгын газар, Гутал, Таван-Эрдэнэ, Монгол гар хивс, АПУ ХХК болон Хан-Уул дүүргийн үйлдвэр албан газруудын халуун усыг хаахаар болсон байна. Мөн дээрх өдрүүдэд УИД, ОХУ-ын Элчин сайдын яам, Нийслэл даатгал орчмын болон 40, 50 мянгатын бүх орон сууц, МҮЭ-ийн Соёлын төв ордон, Голомт хотхон, Өгөөж чихэр боов, Хүмүүн эмнэлэг, 5-р хороолол, Эмийн завод, Сарора зочид буудлын орчмын орон сууц, албан газруудын усыг хаах болжээ.
Г.Дарь