"Цэцийн гишүүдийг УИХ “нүдээ аниад” томилсон"

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

"Цэцийн гишүүдийг УИХ “нүдээ аниад” томилсон"

"Цэцийн гишүүдийг УИХ “нүдээ аниад” томилсон"

Хуульчдын холбоо, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын дэмжих хорооноос “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлага, түүний томилгоо” сэдэв хэлэлцүүлгийг баасан гаригт /2018.05.25/ зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Энэ үеэр хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.


-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоонд олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байна. Ялангуяа хуульч нар үүнд маш их шүүмжлэлтэй хандаж, илэрхийлээд байна. Яагаад энэ шүүмжлэл давалгаалах болов?

-УИХ Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүн томиллоо. Ерөнхийлөгчөөс гурван хүнийг, УИХ-аас нэг хүнийг санал болгосон байна. УИХ томилсноор Үндсэн хуулийн цэцийн гишүүнийн бүрэн эрх нь хэрэгжээд явна. Нийгмийн сүлжээнд иргэд, ялангуяа хуульчдын зүгээс маш ихээр шүүмжилж, эсэргүүцэж байна. Яагаад гэвэл хуульчид бидний хувьд тодорхой хэмжээний мэргэжлийн үнэт зүйл, хүлээн зөвшөөрөгдөх чанар, үзэл санаа байдаг. Яг үүнийг үгүйсгэсэн сөрөг шийдвэр гарлаа гэж харж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүйн болон улс төрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, гүнзгий ул мөрөө үлдээсэн, Үндсэн хуулийн үзэл санааг “тээгч, хамгаалагч” байж чадахуйц хүмүүс очдог байсан газар. Өмнө нь цэцийн гишүүний томилгоо маргаан, шүүмжлэл дагуулж байсан ч өнөөдрийн ийм хэмжээний шүүмжлэл дагуулж байсангүй.

Үндсэн хуульд “Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын 40 нас хүрсэн иргэнийг томилно” гэсэн заалтын нэг л шалгуур болох 40 нас хүрсэн байх гэсэнд тэнцсэн хүмүүс томилогдлоо гэж харж байна. Ш.Солонгоос бусдыг хууль зүйн болоод улс төрийн өндөр мэргэшилтэй хүмүүс гэсэн ангилалд багтахгүй хүмүүс гэж үзэж байгаа юм. Яагаад үндсэн хуульд “мэргэшил” гэдэг үгийг сонгосон гэхээр мэргэжлийн “диплом”-той төдий бус Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалах “чиг үүргээ” гүйцэтгэхэд цэцийн гишүүдээс хууль зүйн болон улс төрийн өндөр мэдлэг, нарийн мэдрэмж, хараат бусаар ажиллах ёс зүйтэй, хий нь гарсан, энэ бүхэн нь мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж ирсэн намтраар нь нотлогдож байх ёстой юм.

Харамсалтай нь дээрх шалгуурт нийцэж байгаа нь нотлогдохгүй байна. Жишээ нь нэг нэр дэвшигч 34 жилийн ажлын туршлагатайгаас 21 жилийг нь бизнес хийсэн байгаа юм. Тэрбээр мундаг бизнес эрхлэгч байхыг үгүйсгэхгүй. Гэвч тэр туршлага нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдох гол шаардлагад хамаарахгүй байна. Хууль зүйн салбарт есөн жил ажиллахдаа УИХ-ын Тамгын газарт ахлах референтээр ажиллаж байсан юм билээ. Ийм л түвшинд хүрсэн мэргэжилтэн байж. Улс төрийн салбарт “А” ч үгүй болохоо өөрөө хэлэлцүүлгийн үеэр хэлнэ лээ. Гэтэл Ерөнхийлөгч нэр дэвшүүлэхдээ ч, УИХ томилохдоо ч “нүдээ аниад” өнгөрлөө. Энэ шийдвэр Үндсэн хуулийн үзэл санаанаас ухарсан, Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл боллоо гэж үзэж байна.   

-Цэцийн гишүүдийг томилохдоо өмнө нь ямар шалгуураар сонгож, томилдог байсан юм бэ?

-“Цэцийн гишүүнээр  хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын 40 нас хүрсэн иргэнийг томилно” гэсэн Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг бол маш тодорхой заалт. Үүнд ойлгомжгүй, хоёрдмол утгатай зүйл байхгүй. Өмнөх цэцийн гишүүд энэ шалгуурт бүрэн нийцэж байсан гэхгүй ч одоогийн томилгоотой харьцуулахад “боломж”-ийн байв. Үндсэн хуулийн цэц дээр маш олон акт, албан тушаалтны үйлдэл хянагдаж байгаа. Тэр бүр дээр онолын гүнзгий мэтгэлцээн өрнөдөг. Энэ мэтгэлцээнийг шинээр томилогдсон гурван хүн ойлгох болов уу. Зөвхөн Үндсэн хууль бус түүнийг дагасан 500 гаруй хуулийн хэдэн мянган заалтыг ойлгож, уг сууриар нь тайлбарладаг мэдлэгтэй байж Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийдэг. Хэрэв тэр хүмүүс ойлгохгүй зүйл дээрээ шийдвэр гаргавал ямар аюул бий болох бол. Үндсэн хуулийн цэцийн хяналтад нь байгаа бүх хууль бидний амьдралын алхам тутмыг зохицуулж байдаг. Шийдвэр бүр нь бидний өдөр тутмын амьдралд ирж нөлөөлнө. Тиймээс энэ томилгоо, түүний үр дагавар бид бүгдэд хамааралтай юм. Тиймээс бид зүгээр нэг эсэргүүцэж, тэмцэхээс илүү үндсэн хуулийн эрх зүйн судлаачид, хуульчид нэгдэж цэцийн гишүүнд тавигдах шаардлага, томилгооны хууль зүйн үндэслэл, зохицуулалтыг хэрхэн боловсронгуй болгох талаар хэлэлцлээ.

Үндсэн хуулийн үзэл санааг тайлбарлахдаа УИХ гишүүд, судлаачид “Б.Чимид багш тэгж хэлсэн” гэж жишээ авах дуртай байдаг вэ гэхээр Б.Чимид багш өөрөө энэ Үндсэн хуулийн зүйл, заалт бүрийн идиалогийг  боловсруулсан хүн. Тиймээс Үндсэн хуулийг ойлгохын тулд, ойлгуулахын тулд Б.Чимид багшийн үгээр жишээ татдаг. Улс төрийн зорилгоор, өөрт ашигтайгаар, дураараа тайлбарлаад байж боломгүй байна.

-Нэгэнт галт тэрэг хөдөлсөн, УИХ шийдвэрээ гаргасан. Тэгэхээр цэцийн гишүүдийн томилгоог хэрхэх вэ гэдэг шийдэлд хүрч чадав уу, хуульчид. Ямар гаргалгаа байгаа юм бэ?

-УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн цэцэд өгөх эсэхээ ярилцаж байна. Энэ асуудалд маш болгоомжтой хандахгүй бол нэг удаа гомдол гаргахад цэц хүлээж авахгүй гэж шийдвэл дахин энэ асуудлаар Цэц маргаан хүлээн авахгүй байх жишиг тогтооно. Тиймээс маш ул суурьтай, тооцоотой хандах шаардлагатай байна. Магадгүй бид хандахгүй бол өөр хэн нэгэн “захиалгаар” цэцэд хандан асуудлыг дахин сөхөгдөх бололцоогүй болгочих вий гэсэн болгоомжлол байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж