Хоёр айлчлал, нэг ШХАБ

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хоёр айлчлал, нэг ШХАБ

Хоёр айлчлал, нэг ШХАБ

Өнгөрсөн долоо хоногийн тренд сэдэв нь Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ элсэх үү, үгүй юу гэсэн сэдэв байлаа. Тавдугаар сарын 21-22-нд зохиогдсон Эдийн засгийн форум дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ дахь Монголын статусыг дээшлүүлнэ хэмээн хэлсэн нь энэ сэдвийг тренд болгосон юм. Х.Баттулга Ерөнхийлөгч Монголын эдийн засгийн хөгжлийг танхимд ярьж суухаас илүүтэй геополитикийн хүчин зүйл, нөлөөллийг хамтад авч үзэх хэрэгтэйг анхааруулсан нь анхаарал татлаа.

Ерөнхийлөгчийн албан тушаалаа авснаас хойш бараг анх удаа ямар гадаад бодлого баримтлахаа илэрхийлсэн хэрэг байлаа. Гэхдээ зарим нэг сэдэв нь төрийн хар хайрцагны бодлогын хүрээнд авч үзэх асуудал байсан.

Монгол Улсыг ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэх санааг хойд, урд хоёр хөршийн зүгээс албан бусаар байнга сануулсаар ирсэн нь нууц биш. 2015 онд ОХУ-ын Уфа хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын өмнөх өдөр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улс гишүүнээр элсэнэ хэмээн мэдэгдэж байсан удаатай. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Монгол Улсад айлчилж Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзсан. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно хэмээн хэлснийг хэвлэлийн алба нь дамжуулсан. Үүнээс хоёр сарын дараа Ерөнхийлөгч статусаа дээшлүүлнэ хэмээн мэдэгдлээ.

ШХАБ-ын бүрэлдэхүүн олон жил 6+6+6 буюу бүрэн эрх зургаан гишүүн, ажиглагч зургаа, түншлэгч зургаа гэсэн бүтэцтэй явж ирсэн. Харин өнгөрсөн 2017 онд Астанад Энэтхэг, Пакистаныг бүрэн эрхт гишүүнээр хүлээн зөвшөөрсөнөөр 8+4+6 болж өөрчлөгдөж байгаа юм. Ирэх зургадугаар сарын 9-10-нд Хятадын зүүн эргийн Чинтао хотноо болох дээд хэмжээний ээлжит уулзалт анх удаа шинэ форматаар зохиогдоно. Энэтхэг, Пакистан нь ажиглагчийн статусаа бүрэн эрхт гишүүн болох хүсэлтээ тавиад удсан бөгөөд 2015 онд Уфагаас эхэлсэн процесс өнгөрсөн жил Астанад эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэтхэг, Пакистан ийнхүү орж ирснээр ШХАБ-ын шинэ эрин эхэлж байгааг Чинтаогийн уулзалтын бэлтгэл болон зохиогдож буй уулзалтууд дээр ШХАБ-ын зүгээс болон Хятадын өндөр албан тушаалтнуудын зүгээс /тухайлбал, Гадаад хэргийн сайн Ван И/ мэдэгдсээр байна. Гэхдээ энэ хоёр гишүүн нэмэгдэн орж ирснээр ШХАБ-ын өнөөг хүртэл явж ирсэн арга барил өөрчлөгдөх шаардлагатай болж байгаа. Тухайлбал, ШХАБ-ын ажлын албан ёсны хэл нь хятад болоод орос хэл. Өмнөх зургаан гишүүн Хятадыг эс тооцвол орос хэлтэй гэж хэлж болохоор. Харин хоёр шинэ гишүүн бол англи хэлний суурьтай улсууд юм.

ШХАБ-ын Харти буюу дүрэм ёсоор бүс нутгийн ямар ч улс гишүүнээр элсэхэд нээлттэй бөгөөд гишүүн болох хүсэлтийг ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлөөр дамжуулан хүлээн авч гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтаар шийдэх учиртай. Үүнээс гадна 2001 он буюу ШХАБ байгуулагдсанаас хойших хугацаанд батлан гаргасан 30 орчим баримт бичгийг бүгдийг хүлээн зөвшөөрөн хэрэгжүүлэх учиртай. Тиймээс Ерөнхийлөгчийн хэлсэн ‘ойрын хугацаа’ гэдэг нь ямар ч гэсэн Чиндао биш.

Бүс нутгийн аюулгүй байдал, ялангуяа хар тамхи мансууруулах бодистой тэмцэх, терроризм болон салан тусгаарлах үзлийн эсрэг хамтран тэмцэх, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой энэ байгууллага сүүлийн жилүүдэд илүүтэй эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарч Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов тавдугаар сарын 24-26-нд болсон Петербургийн Олон улсын эдийн засгийн форум дээр хэлжээ. “ШХАБ өнөөдөр бүс нутаг дамнасан универсал шинж бүхий дэлхийн томоохон байгууллагын нэг боллоо. Энэ байгууллагын хамарч буй орон зайд аж үйлдвэрийн тэргүүлэх кластерууд, тэр дундаа өндөр технологи, шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэл хөгжиж байна. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад ашиглагдах бүхий л ашигт малтмалын нөөц байна. Газар зүйн хувьд ойр байгаа нь гишүүн орнууд төсөл хөтөлбөрөө харилцан хэрэгжүүлэх боломжийг олгож, улмаар бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлж байна. Бизнес төсөл, бизнес санааг хэрэгжүүлэх ирээдүйтэй орон зай нь ШХАБ болж байна” хэмээн хэллээ.

ШХАБ-ын гол тоглогчийн нэг Хятад улсын “Бүс ба зам” төслийн хүрээнд хийгдэж байгаа том том бүтээн байгуулалт ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагаанд тооцогдон явж байгааг дурдах хэрэгтэй. “Бүс ба зам” төслийн хүрээнд Хятадын хамгийн том хөрөнгө оруулалт шинэ гишүүн Пакистанд хийгдэж байгаа юм. “Бүс ба зам”-ын хүрээнд байгуулагдах дөрвөн коридорын нэр бол Хятад-Пакистаны коридор бөгөөд энэ хүрээнд баригдаж байгаа 392 км урт авто замын эхний хэсгийг өнгөрсөн амралтын ашиглалтад оруулсныг Хятадын хэвлэлүүд мэдээллээ.

Дөрвөн коридорын нэг болох Орос-Монгол-Хятадыг холбосон эдийн засгийн коридорын ажил одоогоор цаасан дээр байна. Энэ хүрээнд 32 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр гурван улсын төрийн тэргүүн 2016 онд Ташкент хотноо тохирсон. Эдийн засгийн коридорын ажил ямар шатандаа байгаа талаар NEWS агентлагаас бэлтгэсэн нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү.

ШХАБ-ын орон зайд интеграцид татагдан орж чадалгүй хоцорч байгаа эдийн засаг нь Монголын эдийн засаг болж байгаа нь үнэн. Бүс нутгийн, ШХАБ-ын хоёр гол тоглогч ОХУ болон БНХАУ-ын дунд оршин байгаа улс уг нь эдийн засаг нь буцалж баймаар амар төсөөлөгдөж байгаа ч нүүрсээ ч өмнөд хөрш рүүгээ зөөчих төмөр замгүй, 60 сая малынхаа түүхий эдийг боловсруулан өртөг шингээн экспортолж чадахгүй байгаа. Өмнөд хөрш аль болох түүхий эд авах хүсэлтэй бол хойд хөршийн гаалийн 40 хувийн татвар биднийг гарах гарцгүй болгож байна. Төмөр замгүй учраас хүнд даацын машинаар нүүрсийг зөөж, тэр чинээгээр өмнөд хилийн ойролцоох газрын хөрс, агаар орчин хүн, мал амьдрах аргагүй болж гүйцсэн. Зөвхөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол улс 84.4 сая ам.долларын үнээр 5582 ширхэг хүн даацын машин импортлон оруулж ирсэн нь өнгөрсөн 2017 оны мөн үетэй харьцуулахад тоо ширхгийн хувьд ч, үнийн хувьд ч хоёр дахин өссөн дүн ажээ. Оруулж ирсэн машинуудын 63 хувийг Хятадаас, 10.7 хувийг Японоос, долоон хувийг Өмнөд Солонгосоос импортолсон хэмээн Үндэсний Статистикийн газар мэдээлсэн байна.

Манай бүс нутагт өндөр технологид суурилсан аж үйлдвэрлэлийг хөгжүүлж байхад бидний хөгжил хаана явна вэ? Энэ хариултыг өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд хоёр өдөр чуулсан эрхмүүд өгсөн билүү? Монголчууд өнөөдөр IPhone, Samsung барьж, 3G-гээр хүссэн мэдээллээ авч байгаа ч өөрөө өөрсдийгөө тэжээж чадахгүй юм бол тусгаар улс гэж хоосон цээжээ дэлдэхээс цаашгүй. Бидний үр хүүхэд дэлхийн хаа ч очсон “Би Монголоос ирсэн” гэж бардам хэлж чадах улсыг байгуулах гэж зориогүй гэж үү?

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Петербургийн Олон улсын Эдийн засгийн форумд оролцох байсан төлөвлөгөө цуцлагдсан, энэ долоо хоногт Монголд айлчлах байсан Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ирэхээ больж, дэд сайд нь ирэх болсон гэсэн энэ хоёр баримт бидний нэг л биш байгааг өгүүлж байгаа бус уу. Ван И сайдын айлчлал эртнээс төлөвлөгдөж, монголчууд бэлтгэж байсан юм билээ. Албан ёсны өндөр хэмжээний уулзалтуудаас гадна хоёр улсын харилцааны асуудлаар томоохон судлаачдыг хамруулсан лекцийг төлөвлөж байсан. Дипломат харилцааны үүднээс авч үзвэл сайд, дэд сайдын зэрэглэл маш ялгаатай. Тэр тусмаа дэлхийн бодлогыг тодорхойлж буй хүчирхэг гүрний Гадаад хэргийн сайд айлчилна гэдэг Монгол Улсын нэр хүндэд маш нөлөөтэй байх байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж