Какүрюүгийн түрүү, Тэрүнофүжигийн уналт

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Какүрюүгийн түрүү, Тэрүнофүжигийн уналт

Какүрюүгийн түрүү, Тэрүнофүжигийн уналт

Японы Токио хотын Кокүгикан ордонд болсон сүмо бөхийн зуны тэмцээн монголчуудын ялалтаар өндөрлөлөө. Дээд зиндаанд түрүүлэх бөх өчигдрийг хүртэл тодорхой бус байсан. Гэхдээ ёкозүна Какүрюү М.Ананд, Гүржийн бөх Точиношин нарын хооронд гол өрсөлдөөн өрнөсөн юм. Учир нь хоёр бөх 14 дэх өдрийн барилдаанд оноолт таарахад Какүрюү ялалт байгуулснаар түүнээс нэг даваагаар илүү болж чадсан. Тэрбээр энэхүү боломжоо өчигдөр бүрэн ашиглаж, Хакүхог давснаар түрүүлсэн юм. Зуны тэмцээнд сэкивакэ цолтой барилдсан Точиношин 13 даваа, хоёр унаатайгаар өндөрлүүлж, озэки /арслан/ цолны болзол хангалаа. 

Их аварга Хакүхо М.Даваажаргал 11 даваа, 4 унаатайгаар өндөрлүүлсэн бол Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нар найман даваа авснаар тавин хувийн амжилтаа хийлээ. Харин Араваши Э.Дөлгөөн зургаа, Чиёошома Г.Мөнхсайн таван даваатай башёг өндөрлүүлэв.

ТЭРҮНОФҮЖИ Г.ГАН-ЭРДЭНЭ ДАХИН ЧАНСАА БУУРЛАА

Жюүрёод барилдсан бөхчүүдээс Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тааруу амжилтыг үзүүлж, ирэх башёд чансаа буурах болсон. Зүүн өвдөгний бэртлийн улмаас дээд зиндаанаас жюүрёод буусан Тэрүнофүжи таван даваа авах зорилготой барилдсан ч бэртлийн улмаас тэмцээний дундуур гарсан. Тэрбээр макүшита зиндаанд унахгүйн тулд 10 дахь өдрийн барилдаанаас эхлэн дахин тэмцээнийг үргэлжлүүлсэн ч нэг ч даваа авч чадсангүй. Цагтаа озэки цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх долдугаар сарын башёд макүшитад барилдахаар боллоо.

ДООД ЗИНДААНД МОНГОЛЧУУДЫН ЯЛАЛТ ҮРГЭЛЖЛЭВ

Дээд зиндаад аварга Какүрюү М.Ананд түрүүлж, бусад бөхчүүд ч тавин хувийн амжилтыг үзүүлэх үед доод зиндаанд монголчууд ээлжлэн түрүүллээ. 

Жюүрёогийн дараагийн зиндаа буюу макүшитад Кирибаяма Б.Лхагвасүрэн долоон даваа авснаар түрүүлсэн. Макүшитагийн барууны 35-д эрэмбэлэгдсэн Кирибаяма 2015 онд сандамэ зиндаанд түрүүлж байжээ. Сүмод барилдаад гурван жил болохдоо гэртээ хариагүй байгаа Кирибаяма Б.Лхагвасүрэн ирэх долдугаар сарын башёд улам сайн барилдахаа амалсан байна.

Мөн доороосоо хоёр дахь болох жониндан зиндаанд монгол бөх түрүүллээ. Энэ бөх бол мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү Бямбасүрэн байсан юм.

Хоошёорюү С.Бямбасүрэн долоон даваа авснаар жонинданд түрүүлсэн. Энэ 19 настай Хоошёорюү ирэх долдугаар сарын башёд сандамэд дэвшин барилдахаар болсон юм.

Ийнхүү Токио хотод болсон зуны тэмцээн монголчуудын ялалтаар өндөрлөлөө. Гэхдээ бас манай зарим бөхчүүд чансаа буурч тааруухан амжилтыг үзүүллээ. 

Макүшитад түрүүлсэн Кирибаяма Б.Лхагвасүрэн

Сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү Бямбасүрэн

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж