Н.Түвшинбаярын түрүүтэй Хөх хотын гран-при

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаярын түрүүтэй Хөх хотын гран-при

Н.Түвшинбаярын түрүүтэй Хөх хотын гран-при

2020 оны Токиогийн олимпийн наадмын сонгон шалгаруулалтын эхлэл болсон жүдо бөхийн гран-при тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод өчигдөр /2018.05.27/ өндөрлөлөө.

46 орны 360 жүдоч (эрэгтэй 196, эмэгтэй 164) өрсөлдсөн Хөх хотын гран-при тэмцээнд олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт олон тамирчид өрсөлдсөнөөрөө онцлог байлаа.

Манай улсаас энэхүү тэмцээнд 28 жүдоч хүчээ үзсэнээс өчигдрийг хүртэл алтан медаль авч чадаагүй байсан юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр аваргын алтан медалийг хүртэж, монгол түмнээ баярлуулсан үйл явдал боллоо. Тэрбээр Бразил, Ираны бөхчүүдийг цэвэр ялж хагас шигшээд үлдээд байсан. Улмаар Узбекистаны Олтивоев Бекмуродыг мөн гурван минутад цэвэр ялж, шигшээ барилдаанд шалгарсан. Энэ жинд өрсөлдсөн Ө.Дүүрэнбаяр ОХУ, БНСУ, Бразилын бөхчүүдийг ялан Н.Түвшинбаяртай барилдахаар болсон юм. Барилдаанд Н.Түвшинбаяр 1 минут 55 секундэд цэвэр ялалтыг авсан. Ийнхүү Хөх хотын гран-при тэмцээний сүүлийн өдөр манай хүнд жингийн бөхчүүд үнэмлэхүй амжилтыг үзүүлж, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэнээр баг тамирчдынхаа амжилтыг ахиуллаа.

Тэмцээний эхний өдрүүдэд манай жүдочдоос Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Амартүвшин, залуу жүдоч Ц.Цогтбаатар, Б.Ганхайч нар хүрэл медаль хүртээд байсан юм. Тэгвэл өчигдрийн барилдаанд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр алт, Ө.Дүүрэнбаяр (+100 кг), Г.Алтанбагана (90 кг) нар мөнгөн медалийн эзэд бол ‘Inner Mongolia Stadium’ цогцолборт цугларсан монгол түмнээ баярлуулж чадлаа.

Энэ удаагийн Хөх хотод болсон жүдо бөхийн гран-при тэмцээнээс 17 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Японы баг тамирчид 7 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар итгэл төгс тэргүүлсэн бол БНСУ 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтайгаар удаалав. Тэгвэл өчигдрийг хүртэл алтан медальгүй байсан Монголын баг тамирчид 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтайгаар гуравдугаар байрт жагслаа.Энэ жил спортын холбоодуудын түүхэн олон ой тохиож байгаа. Тэр дундаа Н.Түвшинбаяр хүн төрөлхтний их наадам болох олимпийн наадмаас алтан медаль хүртсэн түүхт 10 жилийн ойн дээрээ монгол түмэндээ дахин бэлэг барилаа. Тэрбээр одоогоос 10 жилийн өмнө “Бээжин 2008” олимпийн наадамд аваргын алтан медаль хүртсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж