"Засгийн газар 180 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн"

Хуучирсан мэдээ: 2018.05.27-нд нийтлэгдсэн

"Засгийн газар 180 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн"

"Засгийн газар 180 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд 100 хувь олгох агуулга бүхий хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн барьсан ч Засгийн газрын зүгээс нийт хүүхдийн 80 хувьд нь олгох төсөл өргөн барьсан. Хоёр төслийг нэгтгэж, УИХ-д ажлын хэсэг байгуулсан ч нийт хүүхдүүдийн 80 хувь нь олгох ёстой гэж, УИХ баталсан юм. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох 80 хувь олгох асуудал МАН-ын гишүүдийг багагүй талцуулсан. Ялангуяа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат намын мөрийн хөтөлбөр биелүүлсэнгүй гэж Засгийн газрын гишүүддээ хатуу үг хаяглаад байсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас зарим зүйлийг тодрууллаа.


-Засгийн газар олон МАН-ын бүлэг хүүхдийн мөнгийг 80 хувьд олгоно, өөр боломжгүй гэж үзлээ. Та Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан хүний хувьд бүх хүүхдэд олгох боломж байгаа гэж бодож байна уу?

-Анх хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгоно гэсэн шийдвэрийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар гаргаж байсан. МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэж олонх болсон. Өнгөрсөн 2017 оны долдугаар сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүүхдийн мөнгийг ялгаварлахгүйгээр бүгдэд нь олгоно гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр төсвийн хууль зөрчсөн гэж үзээд тэр Засгийн газрыг огцруулж байсныг та бүхэн мэднэ. Өнөөдөр бол хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шаардлагагүй. Хүсэлт гаргасан бүх хүүхдэд өгөхөд л болох асуудал. Энэ мөнгө тухайн өрхөд хэрэгтэй гэж үзвэл авна гэсэн үг.  Ингэснээр нийт хүүхдийн 85-90 хувьд нь хүүхдийн мөнгө олгох  юм. Жишээлбэл, долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг бүх  хүүхдэд  олговол 12.9 тэрбум төгрөг шаардлагатай гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн.

-Төсвийн бусад зарлагыг нөхөх замаар хүүхдийн мөнгийг олгох боломжтой юу?

Сангийн сайдын маш буруу бодлого бол эмч, багш нарт нэг удаагийн тэтгэлэг нэрээр 54 тэрбум төгрөг олгосон. 2017 онд тодотголоор, 2018 онд төсөвт тус бүр  энэ мөнгийг суулгасан. Гэтэл энэ тэтгэлэг үр дүнгээ өгсөнгүй. 

Өнөөдөр  ч гэсэн  багш, эмч нар гадаа жагсаал хийгээд, цалингаа нэмүүлэхийг шаардаж байна. Харин ч тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн байх. Тэгэхээр  Засгийн газрын энэ шийдвэр байгаа оносонгүй. Харалган бодлогын уршгаар төсвийн 108 тэрбум төгрөг салхинд л хийссэн хэрэг. Ийм үр дүнгүй ажилд мөнгө цацсан хэрнээ Засгийн газар хүүхдүүдээс арав гаруйхан тэрбум төгрөг харамлаж байна. 

-Эрх баригч намын бүлэг хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох асуудлаар байр сууриа нэгтгэсэн юм уу?

Бүлгийн улс төрийн шийдвэр гарсан. Хүүхдийн 80 хувьд энэ мөнгийг олгоё гэж МАН бүлгээрээ шийдсэн нь үнэн. Гэхдээ би бүлгийн шийдвэрийг дэмжихгүй, нэгдсэн чуулган дээр эсрэг санал өгнө гэдгээ хэлсэн. Ингэж хэлээд саналаа өгсөн хоёр гишүүний нөгөөх  нь  Б.Бат-Эрдэнэ. Яагаад гэвэл бид уул уурхай, газар нутаг, орд  лиценз  зараагүй. Жишээлбэл, би  Сангийн сайдад “Та Дубайн гэрээг Монголд хор хохиролтой болжээ гэсэн МАН-ын бүлгийн шийдвэр гарахад эсрэг саналтай байсан. Ч.Хүрэлбаатар сайд өөрөө уг асуудлын Ажлын хэсгийн ахлагч байсан юм. Ажлын хэсгийн ахлагч байж бүлгийнхээ шийдвэрт гарын үсгээ зураагүй хүн” гэж. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын төрд авна гэсэн МАН-ын бүлгийн шийдвэр гарахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бас л эсрэг кноп дарсан. Энэ бол Монголын язгуур эрх ашигт хөнөөлтэй зүйл шүү. Гэтэл орлого бага  өрхийн хүүхдүүддээ 20 мянган төгрөг өгчихье гэдэг  нь үндэсний язгуур  эрх ашгийг ноцтой зөрчөөгүй гэж бодож байна. Дээрээс нь хүүхдийн мөнгийг олгох  босго  өөрөө сонин  байдлыг бий болгож байна.

-Эсрэгээрээ Сангийн сайд таныг хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгох шийдвэрийг гаргасан Засгийн газарт ажиллаж байсан гэсэн?

-Айлуудаар явж, будаа агшаагч, хөргөгч, угаалгын машиныг нь тоолж, өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа хийлгэж байсан. Ингэхдээ айлуудыг будаа агшаагчтай, угаалгын машинтай гэж ялгалгүй өгөх ёстой. Гэтэл өрхийн амжиргааны судалгаа өрхүүдийг угаалгын машинтай, машингүйгээр нь ялгаварлаж байна гэсэн үг. Жүжигчин Хүрлээ “Танайх нүүрс түлдэг, манайх покрышка түлдэг” гэдэг  реклам шиг 21-р зуунд будаа агшаагч, хөргөгч, угаалгын машингүй айл гэж байх  уу. Ямар дундад зуунд амьдарч байгаа биш дээ. Гэтэл цалингийн зээлтэй, орлогогүй байгааг нь амьжиргааны түвшинд хүрдэггүй гэх бодит байдлыг дүгнэж байж, босго тогтоох хэрэгтэй. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед судалгаа хийхээр айлд ортол хашаанд нь машин байж. “Байцаагч танайх машинтай айл юм байна гэхээр  нь хүнийх, түр  тавьсан юм” гэсэн байгаа юм. Гэтэл өнөөх байцаагч “Машин тэргээ нуулаа” гээд хүүхдийн мөнгө өгөх босго  оноог  нь давуулчихсан байгаа юм.  Ингээд хүний машиныг хашаандаа тавиулсныхаа төлөө хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэж Архангай аймгийн иргэн надад ярьж байсан. Өнөөдөр төрийн өндөр албан тушаал хашиж байгаа, бизнес эрхэлж байгаа айлын хүүхдүүд энэ мөнгийг авахгүй байж болно. Эх оронч санаачилга гаргаад, боломжтой бол энэ мөнгийг  авах  хүсэлт гаргахгүй байна уу гээд Засгийн газар уриалчихаж болно. Гэтэл энэ мөнгөөр амьдардаг өрх  Улаанбаатарт хичнээн байгаа билээ. Тиймээс энэ мөнгийг танах хэрэггүй,  бүх  хүүхдэд мөнгө өгөх  боломж Засгийн газарт  байгаа. Сангийн сайд өөрөө орлого биелж байна, эдийн засаг сайн байгаа, төсөв гүйцэж байгаа гэсэн мэдэгдэл хийсэн. 12 тэрбум төгрөг гэдэг ганц сайдын Эрүүл мэндийн даатгалын мөнгийг банкинд хадгалуулснаас болж хүүгийн зөрүүнээс алдаж буй мөнгөнөөс бага шүү.

-Таныг  ЗГХЭГ-ын дарга байхад ОУВС-ийн зүгээс  “Танай Засгийн газар заавал хүүхдэд мөнгө өг” гэсэн хатуу шаардлага тавьж байсан уу?

-Тэгж хэлж байгаа нь үнэн. Манай Засгийн газрын үед нөхцөл байдал өөр байсан. Одоо бол нийт хүүхдийн 20 хувийг нь орхичихож байна. Манай Засгийн газрын үед ОУВС-тай яриа хэлэлцээ эхлүүлэхэд хэцүү байсан. Эдийн засгийн үзүүлэлт хасах нэг хувь руу орчихсон байсан. Харин өнөөдөр бол өөр. 

-Бүх  хүүхдэд энэ мөнгийг олгохоор гэрээгээ зөрчсөн асуудлаар  ОУВС-гийн хөтөлбөр зогсоно гэж Сангийн сайд хэлсэн? 

-Хэрэв зогсох байсан бол яагаад 80 хувьд  нь олгоё гэсэн шийдвэрийг өнөөдөр гаргаж байгаа юм. ОУВС “Танай Засгийн газрыг  заавал албадахгүй. Та нар ерөнхий хэлэлцээрийнхээ хүрээнд явж болно” гэсэн. Тиймээс улс төр, эдийн засгийнхаа дотоод  нөхцөлдөө тааруулаад  шийдвэр гаргах боломж бүрэн байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж