ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2018.05.27/ Японы Ерөнхий сайд Шинзо Абэг Москва хотноо хүлээн авч уулзлаа. Тэрбээр Санкт-Петербург хотноо тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд болсон олон улсын эдийн засгийн форумд оролцохоор ОХУ-д айлчилжээ. Уулзалтын гол зорилго нь Номхон далайд орших хэсэг бүлэг арлын маргаан, хоёр орны хооронд энхийн гэрээ байгуулахыг хэлэлцэх байв.
Уулзалтын үеэр Владимир Путин болон Шинзо Абэ нар олон улсын сансрын станцтай дүрстэй дуудлага хийж хоёр орны сансрын нисэгч нартай ярилцжээ. Тэд Оросын сансрын нисэгч Антон Шкаплеров, Японы Норишигэ Канай нартай ярилцсан байна. Энэ үйлдлээрээ хоёр талын харилцаа сансарт хүртэл хөгжсөнийг харуулахыг зорьжээ. Гэвч хоёр орны хооронд одоог хүртэл энхийн гэрээ байгуулаагүй явж ирсэн. ОХУ болон Японы хооронд энхийн гэрээ байгуулах асуудал аль XX зууны дунд үеэс эхэлсэн боловч Курилын арлуудын зүүн хэсгийн эзэмшлийн маргаанаас үүдэн эвлэрч чадахгүй байсаар иржээ. Дэлхийн II дайны төгсгөлд Курилын арлын энэ хэсэгт ОХУ нь хяналтаа тогтоосон аж. Харин Итупур, Кунашир, Шикотан, Хабомай зэрэг дөрвөн арлын эзэмшлийн төлөө Япон улс тэмцсээр иржээ. Энэ арлууд нь ОХУ-ын Камчатк болон Японы Хоккайдо хоёрын дунд оршдог билээ. ЗХУ нь Япон улстай хамтран 1956 онд дайныг зогсоох хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан ч энхийн гэрээ байгуулаагүй.
Харин энэ удаа Шинзо Абэ маргаантай аралд ОХУ-тай хамтран бизнес эрхлэх төслүүдийг санал болгосныг Владимир Путин нааштайгаар хүлээн авчээ. Улмаар Японы бизнесийн төлөөлөгчдийг энэ ондоо багтаан Курилын арлуудад айлчлахыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зөвшөөрснөө хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Мөн Владимир Путин хоёр орны хооронд энхийн гэрээ байгуулах арга замыг эрэлхийлэхээ амласан байна. “Аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд бид итгэлцлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Итгэлцлийг нэмэгдүүлэх арга зам нь хамтын ажиллагаа юм” гэж тэрбээр мэдэгджээ. Талууд Номхон далайн маргаантай хэсэг бүлэг арлын асуудалд харилцан ашигтай хамтын ажиллагаанд түшиглэхээр шийдсэн бололтой. Өмнө нь 2015 онд Курилын арлуудын нэг болох Итуруп дээр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев айлчилж, арал дээр найман шинэ бүтээн байгуулалт хийхээ мэдэгдэж байв. Тэрбээр арлын оршин суугчдын амьжиргааны эх үүсвэр нь загасчлал тул далайн бүтээгдэхүүнд түшиглэн хөгжүүлэх гарцыг ярилцсан аж. Улмаар 2017 онд Курилын арлуудын нэгэн дээр нь 120 сая ам.доллараар далайн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барьж, 700 гаруй ажлын байр бий болгох төлөвлөгөөг баталжээ. Курилын арлууд дээр 20 мянга орчим хүн оршин суудаг. Тэд загас агнуураас гадна өнгөт металл, рашаан ус, төмрийн хүдэр олборлодог.