Ном унш, номоос суралц

Хуучирсан мэдээ: 2018.05.27-нд нийтлэгдсэн

Ном унш, номоос суралц

Ном унш, номоос суралц

Номд хандах иргэдийн хандлага ч эрс сэргэж, өөрт хэрэгцээтэй гэсэн номдоо гар татахаа больсон нь өнгөрсөн өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Номын баяр” өдөрлөгийн үеэр харагдаж байлаа.

Номд хайртай, ном сонирхогч хүмүүсийн хүлээдэг “Номын баяр” нээлтээ хийсэн цагаасаа олны хөл хөдөлгөөн тасарсангүй. Өнгө алагласан тод өнгийн зурагтай, эрээн мяраан хавтастай хүүхдэд зориулсан ном, томчуудад зориулсан товхимол, шашин, зурхай, шинжлэх ухаан, эдийн засаг, гадаад хэл, уран зохиолын шинэ боть, түүвэр, амтархан унших тууж, роман. Монголын төдийгүй дэлхийн сонгодог бүтээлүүдийг эх хэл дээрээ уншихыг хорхойсох олны сэтгэлийг баясгаж буй нь илт.

Жил ирэх тусам оролцогч, уншигч, зохиолчдоор хүрээгээ тэлсээр буй “Номын баяр”-т хүмүүс зорин ирэхдээ багадаа гурван ном авна хэмээн зорилго тавьж ирдэг болсон тухайгаа хуучилж байсан юм. Дөнгөж хэвлэлтээс гарсан, будаг  нь ханхалсан номууд ширээн дээр эзнээ хүлээхийн зэрэгцээ хуучны ховор ном мэр сэр харагдана.

Энэ үеэр Төв шуудангийн буланд ном зардаг “Дээлтэй ах” гэдгээр нь хүмүүсийн сайн мэдэх Н.Баасандорж гуайтай таарлаа.

Уншсан номынхоо агуулгыг өөрийнхөө амьдралтай  хослуулан цэнэж үзэх хэрэгтэй 

-Нэгэн үе залуусыг ном уншихаа больсон гэж хүн болгон л ярьж байлаа.  Харин өнөөдөр хараад байхад энэ өдөрлөгт хамгийн их ирсэн нь залуучууд байна?

-Ер нь  ах нь боддог юм. Ерөнхий боловсрол, их дээд сургууль  төгссөн хүүхдүүдийг хараад байхад  жаахан мулгуу зан гаргаад явдаг болохоор нь ном уншаасай л гэж хүсдэг. Уншсан номынхоо агуулгыг өөрийнхөө амьдралтай  хослуулан цэнэж үзээд, дүгнэлт гаргаад өөрийнхөө амьдралыг цэгцлээд аваад яваасай л гэсэн бодолтой явдаг. Ном сонирхож унших хүн байхгүй байна гэж ярьж л байсан. Гэхдээ залуучууд номыг ихээр сонирхдог шүү дээ. Харин худалдаж авч чаддаг нь цөөхөн. Сайн чанартай ном авч уншихгүй  болохоор дутуу дулимаг ойлголттой л яваад байна. Над дээр ирээд ном үздэг залуучуудыг ажиглаад байхад нүднээс нь үйлдлээс нь харахад энэ номыг үнэхээр авах юмсан гэсэн сэтгэл дүүрэн байгаа юм. Ганцхан өвөрт нь юу ч байхгүй. Юм байсан ч өнөөдрийн хоолны мөнгөндөө л зарна. Маргаашийн хоолны мөнгөөрөө ном авах гэхээр хайран санагдах нь аргагүй шүү дээ.

-Шинэ хэвлэлтүүд анхных шигээ биш, үг үсэг, найруулга нь алдагдсан байна гэж зарим хүмүүс шүүмжилдэг?

Миний зардаг ном хоёр дахь удаагаа хэвлэгдсэн ч бай анхны хэвлэлтээсээ нэг үсгийн зөрөөгүйгээр хэвлэгдсэн тохиолдолд л  би зардаг. Тэгэхээс биш утга агуулга, үг алдагдсан бол би тэр номыг зардаггүй. Яагаад гэвэл алтан үеийн сайхан зохиолчдын номуудын анхны бичигдсэн хувилбар нь хүнд заавал юм ойлгуулах гэсэн үр өгөөжтэй байдаг. Харин дараагийн үе нь мөнгө хөөсөн ашиг хонжоо хараад номын үр өгөөжийг мартаж орхиж. Мөнгөний төлөө явж байгаа хүмүүсээс болж олон сайхан залуучууд өөрсдийнхөө олж авах мэдлэгээс хоцорч байгаад харамсаж явдаг.

Ийн хэсэг хором ярилцсанаар бидний яриа өндөрлөсөн юм. Энэ хооронд Сүхбаатарын талбайг чиглэх залуусын цуваа нэмэгдсээр л байлаа. Энд байрлах асруудаас залуучууд ихээр дугаарлаж, цугласан газар нь Интерном дэлгүүрийн асар байсан юм. Интерном дэлгүүрийн хувьд уран зохиол, баримтат бүтээл гэсэн хоёр төрлийн бестселлер номуудаас эхний жагсаалтад орсон номуудаа арван хувийн  хөнгөлөлтэй үнээр зарж байв. Залуучууд  гадаад хэл дээрх ном худалдан авч байгаагаа орчуулга хийх, хэл сурах зорилгоор худалдаж авч байна гэж хэлж байлаа. Тийм ч учраас гадаад хэлний толь бичиг, ном зэрэг нь хамгийн эрэлттэй байсан юм. Үнийн хувьд  3000-5000 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан юм. 

Мөн уран зохиолын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг анх нээлтээ хийсэн цагаасаа хойш тэргүүлээд байгаа зохиолч Ц.Оюунгэрэлийн “Жаран цагаан хонь” роман ширээн дээр өрөөстэй байсан юм. Хэдхэн ширхэг л үлдсэн харагдана. Үндсэн үнэ нь 28000 төгрөгөөр зарагдаж байгаа бол дээрх өдөрлөгт 25000 төгрөгөөр зарж байв. Өмнөх боть болох “Ногоон нүдэн лам” хэлмэгдүүлэлтийн тухай өгүүлдэг бол түүний хоёрдугаар дэвтэр болох “Жаран цагаан хонь” романд анхдугаар таван жилийн төлөвлөгөөний хатуу хөтүүг бичсэн байдаг юм.

уншууртай номд мөнгө харамладаггүй

 Б.Мягмарсүрэн

Энэ үеэр “Жаран цагаан хонь” романыг  сурагласаар явах Б.Мягмарсүрэнтэй хэсэг ярилцлаа. Түүний хувьд  гадаад, монгол холилдсон зургаан ном худалдан авчээ.Тэрбээр уншууртай номд мөнгө харамладаггүй гэдгээ хэлээд 120 мянган төгрөгт зургаан ном авснаа шуудхан хэлсэн юм.Б.Мягмарсүрэнгийн гэр бүл тэр чигээрээ номын хорхойтнууд бөгөөд хүүхдэдээ, эхнэртээ хүртэл ном авсан гэдгээ хуучиллаа.

номын баярыг зорьж ирсэн шалтгаан маань ‘Жаран цагаан хонь” роман байсан

Харин Н.Батчимэгийн хувьд дөрвөн ном худалдан авчээ. Ихэвчлэн уран зохиолын төрлийн ном байх аж. Тэрбээр “Миний үеийн залуучууд ном уншихаа больсон. Ихэнх цагаа гар утсаа “маажиж” өнгөрөөж байна. Харин миний хувьд бол өөр. Би ном унших дуртай. “Ногоон нүдэн лам” романыг уншсаны дараа хоёр дахь бүтээлийг нь хэдэн жил хүлээсний эцэст сая  хүссэн номоо олж авлаа. Ер нь нааш зорьж ирсэн шалтгаан “маань Жаран цагаан хонь” роман байсан. Хүссэн номоо  хямдралтай үнээр авлаа сэтгэл хангалуун байна” гэж ярилаа.

Иргэдийн хувьд өөрсдийн хайж буй, дуртай номоо илүү хямд үнээр авах сонирхолтой байдаг. Баярт зориулан худалдаалж буй ном эрэлт хэрэгцээнээсээ шалтгаалан 20-70 хүртэлх хувиар хямдарчээ. Мөн хуучны ховордсон номыг хүмүүс нэлээд эрэн хайж байна. Тухайлбал, зохиолч Батын Нямаагийн “Арандалынхан”, Нобелийн утга зохиолын шагналтан, Орос-Зөвлөлтийн зохиолч М.Шолоховын “Дөлгөөн дон” роман, XX зууны шилдэг романы нэг, МУСГЗ Д.Маамын “Газар шороо” романыг сураглах хүн цөөнгүй харагдсан. Номын баярыг сонирхож буй иргэдийн нэг хэсэг нь “Номын үнэ сэтгэлд хүртэл хямдарсангүй” гэсэн бол нөгөө хэсэг нь сэтгэл хангалуун байв.

1990 онд ихэнх хуучны сайхан номууд устсан 

Харин ховор номын дэлгүүрийн худалдагч Т.Одонцэцэг ийн ярилаа. Тэрбээр “1990 оны эхээр ном бүр зогсонги байдалд орчихсон байсан. Учир нь  энэ үед номын сангууд бүх номоо актлаад л урагшаа хятад руу цаасанд явуулчихсан. Ингээд л хуучны сайхан номууд устаж, ховордож эхэлсэн дээ. 1990 оны эхээр биеийн тамирын заал дүүрэн монгол бичгийн ном байдаг байсан. Хэдэн сарын дараа монгол бичгийн ном авахаар очтол ‘Ном байхгүй, цаасанд ачуулсан” гэж хэлж билээ. Номын санч нар өөрсдөө номдоо ийм хайнга хандчихсанд их харамсаж явдаг” хэмээн халаглан ярьж байлаа.

Хүн төрөлхтөн 1100 жилийн өмнө анхны цаасан дээр хэвлэсэн номыг эх барьж авсан гэдэг. Манай урд хөршид мэндэлсэн энэ ном “Алмаазан судар” нэртэй. Үүнээс хойш хүн төрөлхтний түүх, өв соёл, зан харилцаа, дайн дажин, шинжлэх ухааны сод бүтээл, нээлтийг багтаасан хүмүүсийн оюун ухааны асар том уурхай болох ном олноор хэвлэгдэж, соёл иргэншилд чухал үүрэг гүйцэтгэж иржээ. Хүн гэдэг мөнх амьтан биш. Хичнээн их хөрөнгө хураасан байлаа ч үхэхдээ аваад явахгүй. Харин хүний бичиж үлдээсэн тэрхүү оюун ухааны баялгууд цаг хугацаа улиран өнгөрөх тусам үнэ цэнэтэй болж, эзнээ мөнхөлсөн байдаг билээ.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж