УИХ-аар Монголын гадаад бодлогыг хаалттай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.27-нд нийтлэгдсэн

УИХ-аар Монголын гадаад бодлогыг хаалттай хэлэлцэнэ

УИХ-аар Монголын гадаад бодлогыг хаалттай хэлэлцэнэ

УИХ-ын өнгөрсөн Баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр спикер М.Энхболд гишүүдэд мэдээлэл өгсөн нь ирэх долоо хоногт Монгол Улсын гадаад бодлогыг парламентаар хаалттай хэлэлцүүлэх талаар.  Тавдугаар сарын 23-26-нд ОХУ-ын Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор төлөвлөж байсан Ерөнхий сайд гэнэт явахаа больсон нь улс төрийн хүрээнд эргэлзээ төрүүлэх болсон. Үүний өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ болон Давосын уулзалтад очоогүй нь төсвийг мөнгийг хэмнэсэн сайн санаачлага гэхээсээ Монголын гадаад бодлогын хувьд таатай зүйл болж харагдаагүй юм.

Хэдийгээр Ерөнхий сайд ОХУ-д хийх айлчлалаа хойшлуулсан ч УИХ-ын дарга М.Энхболд Оросыг ирэх долоо хоногт зорихоор төлөвлөж байгаа. Харин түүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ыг зорьж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хуралдаанд оролцохоор мэдээлэл тархсан. Гэхдээ гэнэтхэн  учир нь үл ойлгогдох хийгээд ямар  үг тайлбаргүйгээр явахаа больчихгүй бол шүү дээ. 

Явах, суух асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг хаалттай хуралдуулж, Монгол Улсын гадаад бодлогын асуудлаар мэдээлэл сонсч нэгдсэн байр суурьтай болох  ёстой гэж үзэж байгаа юм байна. Тэрбээр ‘Монгол Улсын гадаад бодлогын талаар хаалттай хуралдах асуудлаа Ерөнхийлөнгч, Ерөнхий сайд нартай зөвшилцөх бөгөөд  хэрэв  зөвшөөрсөн тохиолдолд ирэх долоо хоногийн мягмар, лхагва гаригийн аль нэгэнд хаалттай хуралдаан зохион байгуулж гадаад бодлогын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа’-г Баасан гаригийн чуулганы үеэр онцолсон юм.

Түүний хүсэлтийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хүлээн авч, ирэх долоо хоногийн лхагва гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын гадаад бодлогын талаар мэдээлэл сонсохоор болжээ. Харин чухам ямар асуудлаар гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Монгол Улс нь төвийг сахисан орон. Олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдэг. Гэвч, сүүлийн үед Монголын гадаад бодлогод асуудал үүсч байгааг, энэ сэдэвт анхаарлаа хандуулахгүй бол Монголын үндэсний аюулгүй байдалд эмзэгээр нөлөөлж магадгүй байдал үүссэнийг эрдэмтэд, ялангуяа олон улсын тоймчид сануулах болсон.  Тэр тусмаа  эдийн засгийн форумын үеэр илэрхийлсэн ШХАБ-т элсэн орох тухай Ерөнхийлөгчийн байр суурьтай холбоотойгоор түүнийг ШХАБ явахаас өмнө УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголын гадаад бодлогыг хэлэлцэх шаардлагатай гэж спикер үзсэн байх магадлалтай.

Гуравдагч орны том хөрөнгө оруулалт болсон Оюутолгойн гэрээг өөрчлөхтэй акц ид өрнөж, хоёр ч Ерөнхий сайдаа хоригдол болгоод шоронд хийчихсэн үетэй давхцуулаад Ерөнхийлөгчийн ШХАБ-т элсэн орон тухай, олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хэлсэн байр суурь Монголын их эмгэнэл болж магадгүйг сануулах хүмүүс олон. Ерөнхийлөгчийн эдийн засгийн форумд тавьсан илтгэл нь Х.Баттулга гэх хувь хүний улс төр гэхээсээ илүү Монгол Улсын байр суурь гэж харагдана. Яагаад гэвэл Монголыг гадаадад төлөөлөх бүрэн эрхтэй ганц хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Харамсалтай нь, ШХАБ мордохын өмнө хоёр хөршдөө болон хөрөнгө оруулагчдад барьсан Ерөнхийлөгчийн сюрпризийг Монголын эдийн засаг, тусгаар тогтнолд ‘аюултай биш үү’ гэсэн асуулт дагалдаж байна.

Учир нь их гүрнүүдийн дунд оршиж буй Монгол улс үүд хаалга  хаах биш, гуравдагчдын өмнө улам нээх ёстой гэсэн байр суурийг эрдэмтэд судлаачид сануулсаар байна. Харин хаалгаа хаачихаад Монголын гадаад бодлогыг ярих чуулганы хуралдаанаар чухам ямар асуудал хэлэлцэх нь сонирхол татахаас аргагүй. Монгол даяарших уу, дангаарших уу гэх салаа замын уулзвар дээр зогсч байгаа нөхцөлд шүү дээ. Ямартай ч дотооддоо зодолдохоос өөр бодлогогүй болсон монголчууд хаалгаа хаах уу, нээх үү гэдгээ яг одоо л шийдэх цаг.  Энэ асуудлаар доктор профессор Ж.Энхсайханы байр суурийг хүргэвэл ‘Дэлхий ертөнцөд ямар өөрчлөлтүүд гарч байгаа, манай бүс нутагт, хөрш орнуудад ямар өөрчлөлт гарч байна гэдэгт зохицож явах ёстой, манай гадаад бодлого. Хөгжил, аюулгүй байдлаа бодож бид гадаад харилцаанд орох ёстой гэсэн үг. Өмнө нь бид гадны орнуудын санаачлагыг дагаж байсан бол одоо өөрсдөө санаачлага гаргаж, дэлхийн ертөнц аль чиглэлд явж байгааг сайн харж байж зөв бодлогоо тодорхойлох цаг болсон байна’ гэх үг.   Д.Уламбаяр захирлын хувьд ‘Монгол Улс  үндэсний эрх ашгийг дээдэлсэн нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт бие даасан гадаад бодлоготой. Энэ хүрээнд хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харьцах, гурвалсан хөршийн бодлого, цөмийн зэвсэггүй бүсийн статусыг хэрэгжүүлж байгаа. Манай улсын хувьд хоёр хөрштэйгээ улс төрийн хувьд тэнцвэртэй харьцах асуудал маш чухал’-ыг үргэлж сануулдаг.

Далайд гарцгүй, хөлгүй, зэр зэвсэг, цэрэг, эдийн засгаараа дэлхийн 10-т багтдаг хоёр том улсын бөөрөнд амьдардаг, байгалийн баялаг ихтэй, жижиг буурай улсын хувьд Монгол үргэлжид төвийг сахисаар ирсэн. Гэвч, Монголын тусгаар тогтнолыг тунхаглан зарласан НҮБ-ын чуулган болоод дэлхийн хөрөнгө оруулагчдын уулзах цэг болдог, тэднийг урин залж,  Монгол бие даасан бодлоготой, тусгаар тогтносон улс гэдгээ сурталчлах ‘индэр’ болсон эдийн засгийн гол хоёр форумд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар очихоос татгалзсан нь Монголын хувьд бол муу хувилбар юм. Тэд хаашаа явах явахгүйгээ сонгох эрхтэй хувь хүмүүс биш. Монгол Улсын төр засгийг төлөөлж буйн хувьд тэдний явах эрх ашгийн эхэнд хувийн улстөр хийгээд хувийн амбиц аль, аль нь байх ёсгүй гэсэн үг.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж