“Асралт гэр бүл-гэр бүлд түшиглэсэн халамжийн үйлчилгээ” нэртэй төсөл өнгөрсөн зургадугаар сараас эхлэн хэрэгжиж эхлээд байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон холбогдох байгууллагын санаачлагаар хэрэгжиж буй энэ төслийн талаар өнөөдөр 12.00 цагт МҮЭСТО-д нээлтээ хийсэн ажлын байрны үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан юм. Уг төсөл нь төлөвлөгөөт асрамжийн газраас татгалзах, өнчин, хараа хяналтгүй хүүхдийг тухайн хүний хүсэлтээр асран халамжлуулах зорилготой юм. Ингэснээр хүүхэд зөв хүмүүжилтэй болох, гэр бүлийн нэг гишүүн байж, асран халамжлуулах юм байна. Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах төвийн мэргэжилтэн Э.Мөнхзул хэлэхдээ “Төлөвлөгөөт асрамж гэдэг нь хүүхдийг нэг дор олноор нь байршуулахыг хэлдэг. Энэ төслийн дагуу нийслэлийн Баянгол дүүргийн IX хороонд эхний ээлжинд хэрэгжүүлээд байгаа. Тус дүүрэгт асралт гэр бүлд хүмүүжих ёстой 74 хүүхэд байгаагаас бид 24 хүүхдийг айлд асран хүмүүжүүлж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжиж дуусвал стандартыг нь батлуулаад орон даяар зохион байгуулна” гэлээ. Мөн эцэг эх нь гадаадад олон жилээр ажилладаг, өвчтэй, амьжиргааны төвшин доогуур зэрэг айлын хүүхдүүдийг ч хамруулж байгаа гэнэ. Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах төвөөс гаргасан судалгаагаар ах дүү, хамаатан садангийндаа байгаа хүүхдүүдийн 30 хувь нь байгаа айлдаа байнгын хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа гарсан байна.
Ш.Чимэг