Ц.Цогтбаатар, Б.Ганхайч нар хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.05.27-нд нийтлэгдсэн

Ц.Цогтбаатар, Б.Ганхайч нар хүрэл медаль хүртэв

Ц.Цогтбаатар, Б.Ганхайч нар хүрэл медаль хүртэв

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод жүдо бөхийн гран-при болж байна. 49 орны 300 гаруй жүдочид оролцож буй тус тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Хөх хотын гран-при тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр манай найман жүдоч барилдсанаас хоёр нь медальд хүрэв. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч нар хүрэл медалийн эзэд болж, багийнхаа амжилтыг үргэлжлүүлэв.

73 кг-ын жинд нийт 33 бөх барилдсанаас Ц.Цогтбаатар “D” хэсэгт багтсан. Манай бөх эхний тойрогт хийлж, Белги, АНУ, Казахстаны бөхчүүдийг ялж хагас шигшээд үлдсэн юм. Ц.Цогтбаатар мөнгөн медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ан Чан Римд ялагдсан ч БНХАУ-ын Чин Дагаг ялснаар медалийн тавцанд зогслоо.

Эмэгтэй 63 кг-ынжинд Б.Ганхайч шөвгийн наймд Канадын Финард Катеринед ялагдсан ч Франц, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, хүрэл медаль хүртэв. Энэ жинд нийт 23 бөх барилдсанаас Японы Н.Амини түрүүлж, Израйлын Шарир Гили мөнгөн медаль хүртэв. Б.Ганхайч, Канадын Финард Катерине нар хүрэл медалийн тавцанд зогслоо.

Хөх хотын гран-при тэмцээни гурав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэй 78, +78 кг-ын жингийн барилдаан болно. Өнөөдөр манай дараах 10 бөх барилдана. Үүнд: 

Эрэгтэй:

  • 90 кг: Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал
  • 100 кг: Л.Отгонбаатар, Д.Цэрэнням
  • +100 кг: Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр

Эмэгтэй:

  • 78 кг: А.Оюунгэрэл, Б.Хонгорзул
  • +78 кг: Ш.Сэржмядаг, Б.Мөнхтуяа нар тус тус барилдана

Хөх хотын гран-при тэмцээнд 49 орон оролцож байгаагаас 12 орон ямар нэгэн медаль хүртжээ. Япон улс таван алтан медальтайгаар итгэл төгс тэргүүлж байгаа бол Канад, БНСУ, Казахстан, Нидерланд тус бүр нэг алтан медаль аваад байна. Манай улс дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар жагсаалтын есдүгээр байрт бичигдлээ.

Тэмцээний эхний өдөр 2013 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин медалийн буухиаг эхлүүлсэн бол өчигдөр залуу жүдоч Ц.Цогтбаатар, Б.Ганхайч нар хүрэл медалийн тоог нэмлээ. 

ШУУД ҮЗЭХ: https://www.ijf.org/

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж