Б.Мөнгөнтуул түрүүлэх болзлоо хангав

Хуучирсан мэдээ: 2018.05.27-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул түрүүлэх болзлоо хангав

Б.Мөнгөнтуул түрүүлэх болзлоо хангав

Монголын шатрын холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод өндөрлөнө. Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн УАШТ-д анхан, хагас шигшээ тоглолтоос шалгаран үлдсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 12 шатарчин өрсөлдөж байна.

Энэ сарын 19-ний өдөр эхэлсэн УАШТ-ийн сүүлийн 11 дэх өрөг өнөөдөр болж, 2018 оны улсын аварга шатарчин тодорно.

ГАВЬЯАТ ТАМИРЧИН Б.МӨНГӨНТУУЛ СҮҮЛИЙН ӨРГИЙН ӨМНӨ ТҮРҮҮЛЭХ БОЛЗЛОО ХАНГАВ

Өчигдрийн 10 дахь өрөгт эмэгтэйчүүдээс олон улсын мастер, эмэгтэй Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул дэлхийн шатрын холбооны мастер Э.Хуланг хожиж, 9.0 оноотой болсноор түрүүлэх болзлоо хангалаа. Сүүлийн өргүүдэд амжилттай тоглож байгаа дэлхийн шатрын холбооны мастер Т.Мөнхзул 2017 оны улсын аварга Ү.Үүрийнтуяатай тэнцээ хийж, хоёрдугаар байраа хадгалж үлдлээ. Мөн гавьяат тамирчин Т.Батчимэг Т.Номиндалайгаар ээлжит хожлоо авлаа.

11 дэх өргийн өмнө Б.Мөнгөнтуул түрүүлэх болзлоо хангасан бол Т.Мөнхзул, Т.Батчимэг, Д.Янжиндулам, Ү.Үүрийнтуяа нар 2-5-р байрт бичигдэж байна.

ДҮН: /10 дахь өрөг/

  1. Б.Мөнгөнтуул – 9 оноо /түрүүлэх болзлоо хангав/
  2. Т.Мөнхзул – 7,5
  3. Т.Батчимэг – 7,0
  4. Д.Янжиндулам – 6,5
  5. Ү.Үүрийнтуяа – 6,0
  6. Э.Хулан – 5,5
  7. Б.Мөнгөнзул – 4,0
  8. Б.Анхчимэг – 4.0
  9. Т.Номиндалай – 3,5
  10. О.Өлзийхишигжаргал – 3,0
  11. Г.Халиунаа – 2,0
  12. Б.Отгонсувд – 1,5 оноотой тэмцээнийг үргэлжлүүлж байна.

С.БИЛГҮҮН, Н.БАТТУЛГА, Г.МӨНХГАЛ, У.НАСАНЖАРГАЛ НАР МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ

Эрэгтэйчүүдээс өчигдрийн 10 дахь өргийн дараа медалийн төлөө өрсөлдөх шатарчид бүрэн тодорлоо. Тодруулбал, олон улсын мастер С.Билгүүн, олон улсын мастер Н.Баттулга, олон улсын мастер Г.Мөнхгал болон дэлхийн шатрын холбооны мастер У.Насанжаргал нар бусад өрсөлдөгч нараасаа оноогоор тасарсан. Тиймээс эдгээр шатарчид сүүлийн өргийн өмнө зөвхөн ямар медаль дээр буух вэ гэдэг дээр гол өрсөлдөөн гарна. Тэргүүлэгч шатарчдаас С.Билгүүн, Г.Мөнхгал нар тоглохоор оноолт таарчээ.

ДҮН: /10 дахь өрөг/

  1. С.Билгүүн – 8,5 оноо
  2. Н.Баттулга – 8,0
  3. Г.Мөнхгал – 8,0
  4. У.Насанжаргал – 7,5
  5. Г.Амартүвшин -5,5
  6. Х.Баярхүү – 5,0
  7. Э.Баасансүрэн – 4,0
  8. Г.Эрдэнэ – 3,5
  9. Э.Энхнар – 3,0
  10. М.Гүнбаяр – 2,5
  11. Б.Баярмандах – 2,5
  12. Б.Галмандах – 2,0 тус тус бичигдэж байна.

Өнөөдөр улсын аварга шалгаруулах тэмцээний 11 дэх өрөг болж, медальтнууд тодорно.

Мэдээллийг эргэн хүргэнэ. Дэлгэрэнгүй дүнг  http://chess-results.com/tnr355058.aspx?lan=1&art=2 авна уу.  


НЭМЭЛТ: 18:00 цаг

МУГТ, ОУМ, ЭМЭГТЭЙ ИМ Б.МӨНГӨНТУУЛ, ОУМ С.БИЛГҮҮН НАР МОНГОЛ УЛСЫН АВАРГА БОЛЛОО

Эртний хаадын өлгий, арын сайхан хангайд зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн амжилттай болж, Гүрж Улсын Батумид болох Дэлхийн шатрын Олимпиадад оролцох баг тамирчдаа тодрууллаа.

Оюуны спортын ноён оргилууд болох шилдэг 24 шатарчин ур ухаан, авхаалж самбаагаа сорьсноос эрэгтэй ангилалд “Сүлд” спорт хороо, “Чингис” клубын тамирчин Олон улсын мастер Сумъяагийн Билгүүн түрүүлж, Орхон аймаг, “Хангарьд” клубын тамирчин Олон улсын мастер Намхайн Баттулга удаалж, Өвөрхангай аймгийн тамирчин Олон улсын мастер Гомбосүрэнгийн Мөнхгал гурвалж, ТЕГ, “Эрч” спорт хорооны тамирчин, ДШХ-ны мастер Уртнасангийн Насанжаргал дөрөвт, Дархан-Уул аймаг, АШУИС-ийн тамирчин МУ-ын спортын дэд мастер Хүрэлчулууны Баярхүү тавт шалгарлаа. Олон улсын мастер С.Билгүүн УАШТ-д 5 дахь удаагаа оролцож ийнхүү Монгол улсын аварга боллоо.

Харин эмэгтэй ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин МУГТ, ОУМ, Эмэгтэй их мастер Батхуягийн Мөнгөнтуул тэмцээний турш хошуучилсаар түрүүлсэн бол Хэнтий аймаг, “Кайсса” клубын тамирчин Олон улсын шатрын холбооны эмэгтэй мастер Төрмөнхийн Мөнхзул хоёрдугаар байр, “Алдар” спорт хорооны тамирчин, Олон Улсын эмэгтэй мастер Дуламсүрэнгийн Янжиндулам гутгаар байр, Хэнтий, Архангай аймаг, “Сүлд” спорт хороо, “Мончесс” клубын тамирчин МУГТ, ОУМ, эмэгтэй их мастер Түвшинтөгсийн Батчимэг дөрөвдүгээр байр, МУБИС, “Чингис” клубын тамирчин ДШХ-ны матсер Энхсайханы Хулан тавдугаар байрт тус тус шалгарав.

Тус тэмцээнийг Монголын шатрын холбоо, Архангай аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын ивээл дор шатрын спортыг орон нутагт хөгжүүлэх, сурталчих зорилгоор ийнхүү арын сайхан хангайд зохиосон юм.  

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг даргын орлогч Б.Болормаа, МШХ-ны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, тэргүүтэй оюуны спортыг дэмжигчид, үе үеийн төлөөлөгчид, нутгийн зон олон оролцож, аваргууддаа баяр хүргэлээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

УАШШТ-ийг Архангай аймагт зохион байгуулж буйтай холбогдуулан МШХ-ны баг хамт олон орон нутагт оюуны спортыг хөгжүүлэхээр тус аймгийн 19 сумыг 4 бүсэд хуваан шатрыг сугуулиудад дэлгэрүүлэх хөтөлбөр, тэмцээн зохион байгуулагч, шүүгч, дасгалжуулагчийн сeртификат олгох сургалтыг явуулав. Мөн энэ үеэр Архангай аймгийн шатарчид болон УАШШТ-д оролцож буй тамирчдын эцэг эхчүүдийн дунд ‘ШИНЭ АРХАНГАЙ-2018’ шатрын цомын тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнийг “Төрийн банк”, “Мэдээлэл технологийн үндэсний парк”, “Ундрам” зочид буудал, “ESB“, “Гурван тамир” ХХК, “Гост” трейд, “Атасу” ХХК, “Түркиш” эйрлайн, “Делта” констракшн, Архангай аймгийн БТСГ, “МҮИС”, “Манжуурын аялал” ХХК, “Чингисийн хүрээ” жуулчны бааз зэрэг компаниуд дэмжин, ивээн тэтгэсэн юм.  

Олон улсын мастер, эмэгтэй Их мастер, Гавьяат тамирчин Т.Батчимэг

дэлхийн шатрын холбооны мастер Т.Мөнхзул

Дэлхийн шатрын холбооны мастер Э.Хулан

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж