Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр /2018.05.26/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр тавдугаар сарын 26-нд товлогдсон байсан “Монгол Улсын аваргуудад зориулсан хүндэтгэл үзүүлэх” барилдааныг маргааш буюу ням гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд 13.00 цагаас болохоор товложээ. Тус барилдаад 128 бөх барилдах бөгөөд үнэ төлбөргүй юм байна. Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ 1994 оноос хойш ‘Монгол улсын аваргуудад хүндэтгэл үзүүлэх’ барилдааныг жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ жил барилдаан цуцлагдсан талаар өнгөрөгч 24-нд мэдэгдээд байсан юм. Мэдээллийн эхэнд тэд удаан хугацааны туршид бөхийн барилдаан зохион байгуулаагүйдээ нийт бөх сонирхогч ард түмнээсээ болон бөхчүүдээсээ уучлал гуйв.
Барилдаан маргааш Төв цэнгэлдэхэд 13.00 цагаас болох бөгөөд улс аймгийн алдар цолтой нийт 128 бөх барилдах аж. Тус барилпдааны талаар Дархан аварга Х.Баянмөнх хэлэхдээ ‘МҮБХ-ны жил бүр алдар цолтой бөхчүүдийн нэрэмжит уралдаан зохион байгуулдаг. Энэ уламжлалаа бид хүндэтгэнэ. Бөхчүүдийнхээ хүч хөдөлмөрийг үнэлнэ” гэв.
Мөн барилдааны үеэр найман азтай үзэгчийг шалгаруулж, нэг хүн 500.000 төгрөг, хоёр хүн 250.000 төгрөг, таван хүн 100.000 төгрөг өгөхөөр болжээ. Мөн шалгарсан азтангууд Монгол Улсын аваргуудтай дурсгалын зураг татуулах эрхтэй аж.
Э.ЖОНОН