“Аз жаргалтай Улаанбаатар” гэх тодотголтой нийслэл хот маань өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа хэдий ч цаанаа л нэг хөгжил дутуу “салан задгай’ нүүдэлчин айлын дүр төрх хэвээр. Утаа, түгжрэл, хөрсний бохирдол гээд иргэдийн бухимдлыг төрүүлэх асуудал жилийн дөрвөн улирал шигээ өч төчнөөн. ‘Хашгирч л байг’ гэсэн шиг шийдвэр гаргах томчуудын чих нь хэдийнээ дөжирч асуудал мэт хүлээн авахаа болиод нэгэнт удсан нь үнэн. Мөнхөд шийдэгдэхгүй утаа, түгжрэлээ энэ удаад түр орхиё.
Нийслэлийн хүн амд 100-150 нийтийн бие засах газар шаардлагатай гэх судалгаа байдаг ч одоогоор хотын төвд 16 нийтийн бие засах газар үйл ажиллагаа явуулж байна гэх. Эдгээр бие засах газрын ихэнх нь төвийн дулаанд холбогдоогүй бохир заваан үйл ажиллагаа явуулж байгаа нь үйлчлүүлэгчдэд ундууцал төрүүлсээр өнөөдрийг хүрсэн. Монголчууд бид ч яахав тэртээ тэргүй бухимдаад сурчихсан хүмүүс харин гаднын жуулчдын хувьд бол том асуудал юм шүү.
Гаднаас нь харахад цэвэрхэн сайхан орчин бүхий “Сity toilet” гэсэн бичигтэй ч дотогш 300 төгрөг төлөөд ороход хамар сэтлэх шахам үнэр танар, бохир орчин угтана. Бие засахаар яарч яваа хүн бол хамар амаа дараад ч болтугай үйлчлүүлээд гарч ирэх байх. Гэтэл үүний цаана өдий төдий төгрөг зарцуулж ажиллуулдаг атал үйлчилгээ, соёлыг яагаад орхигдуулдаг юм бэ, бид. Нэг бие засах газрыг ойролцоогоор 50 орчим сая төгрөгөөр барьж байсан. Мөн нийтийн бие засах нэг газрыг ажиллуулахад сард 2.5 сая төгрөг буюу жилд 30 сая төгрөг. Ажилчдын цалин, нийгмийн даатгалын зардал болон элэгдлийн зардал гээд өч төчнөөн төгрөг гарах нь ойлгомжтой.
Урин дулаан цаг ирж гаднын жуулчид олноор ирэх энэ үед нийтийн бие засах газруудынхаа үйлчилгээ, соёлыг сайжруулахгүй бол жуулчдаа нүүр буруулахад хүргэх вий. Учир нь гаднын жуулчид аливаа улсын хөгжлийн өнгө төрхийг үйлчилгээ болон иргэдийн соёлоор нь дүгнэдэг. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчлэн аялал жуулчлалын салбараа хөгжүүлье гэвэл дэд бүтцээ хөгжүүлэх асуудал нэн түрүүнд тавигдах учиртай. Дэд бүтэц гэдгийг томоор харалгүй хамгийн энгийн буюу жорлонгийн асуудлаа шийдэхийг хэлж байгаа юм. Ямар ч жижиг тосгон жорлонгийн асуудлаа бүрэн шийдчихсэн байдаг. Нийслэлчүүд бидний хүрээлэн буй орчин, эргэн тойронд асуудал мундахгүй учир жорлонгийн асуудал жижиг мэт санагдах ч нэг сая жуулчин хүлээж авах нийслэл маань бие засах газрынхаа байгаа төрхөөр дүгнэгдчих вий.
Монгол Улс 2020 он гэхэд сая жуулчин хүлээн авна гэх том зорилго тавьчихсан атлаа түүнийг дагасан дэд бүтцээ хөгжүүлэхгүй байсаар байх уу. Түүнчлэн хөрсний бохирдлоос салж эрүүл ахуйн орчинд иргэдээ амьдруулна гэсэн мөрөөдөл мөн л үлгэр болон замхрах юм уу.