Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүнийг өнгөрөгч пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар томилсон юм. Үүнтэй холбогдуулан Хуульчдын холбоон, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын дэмжих хорооноос “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлага, түүний томилгоо” сэдэв хэлэлцүүлгийг өчигдөр /2018.05.25/ зохион байгуулсан юм. Хуульчдын зүгээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшин, томилогдсон хүмүүст шүүмжлэлтэй хандаж байгаагаа гадна, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилсон процесс нь хууль зөрчсөн гэж үзэж буйгаа онцолсон юм. Хэлэлцүүлгийн үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор О.Мөнхсайхан, тус сургуулийн дэд захирал доктор, Бямбажаргал нар илтгэл тавьж, хуульчид санал солилцсон юм.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор О.Мөнхсайхан:
-Цэцийн гишүүнд тавигдах шаардлагад Үндсэн хуулийн 65.2-т хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй гэсэн заалт бий. Үндсэн хуулийн цэц бол хуульчдын үздэгээр Үндсэн хуулийн шүүх. 1992 онд бодит байдал хэрэгждэг Үндсэн хуулийг баталсан байдаг. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийг чандлан сахих баталгаа, зөрсөн эсэх маргааныг шийдвэрлэх шүүх.
Үндсэн хууль тайлбарлана гэдэг нь ардчилал, хүний эрх, парламентын засаглалын хуваарилалт, эрх мэдлийн тэнцэл юу вэ гэх зэрэг улс төрийн өндөр мэргэшилтэй, хууль зүйн өндөр мэргэшилтэй хүмүүс байх ёстой юм. Үндсэн хуулийн цэцэд томилогдох хүн нь мэргэжлээрээ хэр сайн ажилласан, ёс зүй, зан төлөв зэргийг нь үнэлж томилдог. Бусад улс орон ч гэсэн ийм байдлаар томилдог.
Үндсэн хуулийн цэц бол УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч зэрэг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг мөн хэлэлцдэг. Улстөрчдийн хувьд “өөрийн” хүнээ цэцэд томилох хүсэл, сонирхолтой байдаг нь харагддаг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын тайлбарласнаар хуульчийн дипломтой байхад болно гэдэг тайлбар хийж байсан. Үндсэн хуульд мэргэшсэн гэдэг үгийг оруулсан нь ч учиртай. Мэргэжлээрээ ажиллаагүй, бизнес эрхэлж байгаад орж ирсэн хүн Цэц дээр аливаа шийдвэр гаргах, чадамжгүй юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг заавал Нээлттэй сонсголын хуулийн дагуу өмнө нь хашиж байсан албан тушаал болон мэргэжлийн ур чадвар, ёс зүй зэрэг бүх зүйлийг сонсч, бүхий л сөрөг мэдээллүүдийг авдаг процессоор явахгүй бол энэ удаагийн томилгоо маш аюултай байдлыг үүсгэж байна. Ер нь бол цэцийн гишүүн хууль зүйн өндөр мэргэшилтэй, онолын мэдлэгтэй байх ёстой. Гэвч Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн гурван хүн нь эрх зүйч мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажиллаж байгаагүй, Үндсэн хуулийн маргааш шийдвэрлэх түвшний мэргэшсэн хүмүүс биш. Хуульчдын зүгээс Үндсэн хуулийн цэцэд хандах хууль эрх зүйн гаргалгааг эрэлхийлж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдох шаардлага хангаагүй хүмүүс томилсон, томилгоо хийх процесс нь буруу хийгдсэн гэж үзэж байна. Хэрэв Үндсэн хуулийн цэцэд хандвал шинээр томилогдсон дөрвөн гишүүнийг оролцуулахгүйгээр үлдсэн таван гишүүн нь дунд суудлын хуралдаанаар шийдээд явах боломж бий.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал доктор А.Бямбажаргал:
-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа тусгай албан хаагчдын дотроос гагцхүү Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн л Үндсэн хуулийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг. Өнгөрсөн 72 цагийн хооронд болсон үйл явдлыг ажиглаж байхад Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг УИХ томилж байгаа нь хөндөж яримаар санагдаж байлаа. Ер нь бол хараат бус байх үүднээс гурван субъктээс санал болгож томилдог. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд УИХ-аас томилогдсон зургаан жилийн хугацаатай сонгогддог цэцийн гишүүн нэг ч удаа улиран сонгогдож байгаагүй бол Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигч нь улиран ажиллах, удаан хугацаанд ажилласан практик байгаад байгаа юм.
Хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй гэдэг нь энэ хоёрыг хоёуланг нь маш сайн эзэмшсэн байж Цэцийн гишүүнээр томилогдоно гэдгийг хуульч, судлаачид илүүд үздэг. Бусад оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилохдоо парламентаас томилдог бус итгэмжилдэг байгаа юм. Жишээлбэл, БНСУ гэхэд есөн Үндсэн хуулийн цэцийн шүүхтэй. Шүүгчдийг нь Ерөнхийлөгч, парламент, Улсын дээд шүүхээс тус бүр гурав гурван хүнийг нэр дэвшүүлж, нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь батламжилдаг. Зарим улсад Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн албан тушаал хашиж байгаа хүнийг томилно гэдэг зарчимтай байгаа юм. Дэлхийн 90 гаруй орны Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилж байгаа туршлагыг харж байхад мэргэжлээрээ ажилласан гэсэн утга агуулгыг шалгуур болгож, хуульдаа тусгасан байдаг юм байна. Дунджаар 15 жил хуульч мэргэжлээр ажилласан гэсэн заалттай улсууд ч олон байна.
Хуульч, өмгөөлөгч Б.Баяр:
-Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэдэг Үндсэн хуулийн шүүгч байдаг. Цэцэд хуульчдын сор болсон, мэргэшсэн хүмүүс томилогдох, насаараа хуулийн байгууллагад ажилласан хүний хашиж болох хамгийн дээд албан тушаал юм. Цэрэг бүр генерал болохыг хүсдэг гэдэг шиг Үндсэн хуулийн цэцийн гишүүн сор нь байх ёстой юм. Би бол маш их гутарч байна. Би насаараа хуульч, өмгөөлөгч хийж явснаас аль нэг нам дагаад явсан бол Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох байж гэж хүртэл бодогдож байна. Өмнө нь Үндсэн хуулийн цэцэд хандаж, эцсээ хүртэл маргаад явдаг байсан бол одоо би Үндсэн хуулийн цэцэд хандах эсэхээ бодно. Би маргаан шийдвэрлүүлэх хүсэл гаргасан, гаргаагүй Үндсэн хуулийн цэц улс төрийн шийдвэр гаргах учраас эргэлзээ төрж эхэлж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Цэцийн гишүүнийг томилохдоо маш сайн шаардлага тавьдаг байсан. Сая бол зүгээр л нэг хүний хамт ажилладаг хүмүүсийн таашаалд нийцсэн хүмүүсийг томилсон. Шинээр томилогдсон хүмүүсийг хуулийн чиглэлээр ажиллаж байсан нь ч эргэлзээтэй, мэдэгдэхгүй байгаад харамч байна.
Ш.ЧИМЭГ