‘Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр, жижиглэн худалдаа эрхэлж буй дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байна. Хүүхдийн баярын үеэр хүүхдүүдэд зориулсан бэлэг, хүнсний бүтээгдэхүүнд чанарын баталгааг хангаагүй хүнсний бүтээгдэхүүн борлуулах зөрчил илэрдэг. Тиймээс НМХГ-аас урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалтаа эхлүүлжээ.
Одоогийн байдлаар есөн дүүргийн 110 ААН, 73 иргэний хүнсний худалдаа, үйлчилгээний газарт хяналт, шалгалт хийж, давхардсан тоогоор 219 зөрчил илрүүлэн 164 буюу 74.8 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авчээ. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 42 заалт бүхий есөн албан шаардлага, нэг албан даалгавар хүргүүлжээ.
Мөн хаяг, шошго шаардлага хангаагүй 28 нэрийн таван кг, 2145 ширхэг, таван сая 500 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс хураан авч, хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан 27 нэрийн 527 ширхэг, нийт 260850 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт тогтоон устгуулжээ. 24 аж ахуйн нэгж, иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар 7,3 сая төгрөгийн торгуул ногдуулжээ. Шалгалтын явцад 52 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд дүгнэлт өгөх зорилгоор дээж авч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн төв лабораторид шинжлүүлж байгаа аж.
Баярын өдрүүдэд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдах газруудад 150 орчим хяналт, шалгалт хийх байцаагчид, цагдаагийн албан хаагчид ажиллах аж.
Э.ЖОНОН