Хөх хотын гран-при тэмцээний эхний өдөр хоёр хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.05.26-нд нийтлэгдсэн

Хөх хотын гран-при тэмцээний эхний өдөр хоёр хүрэл медаль хүртэв

Хөх хотын гран-при тэмцээний эхний өдөр хоёр хүрэл медаль хүртэв

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж буй жүдо бөхийн гран-при тэмцээнд 49 орны жүдочид оролцож байна. Хөх хотын гран-при тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо.

Энэ тэмцээнд манай улсаас 28 жүдоч оролцож байгаагаас өчигдөр 10 жүдоч дэвжээнд гарсан. Тэднээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг нар хүрэл медаль хүртлээ.  Мөн 60 кг-д гавьяат тамирчин Г.Болдбаатар шагналт долдугаар байрт орсон бол бусад жүдочид хоёрдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүлсэн.

Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт олон тамирчин Хөх хотод ирсэн бөгөөд тэмцээн маргааш өндөрлөнө. Тэмцээний эхний өдрийн барилдаанаас Японы баг тамирчид гурван алт, нэг хүрэл медаль авсан амжилтаар тэргүүлж эхэлсэн бол Казахстанаас алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртжээ. Канад, БНСУ, ОХУ, БНХАУ, Монгол улсын баг тамирчид медалийн чанараар удаалж байна. Одоогоор 49 орноос есөн орон медаль авчээ.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай улсаас эрэгтэй 73 кг-д Б.Батболд, Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, Б.Гаажадамба нар барилдана. 73 кг-д 34, 81 кг-д 30 бөх барилдахаар болжээ.

Тэгвэл эмэгтэй 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал, М.Даваасүрэн нар барилдана. 63 кг-д 23, 70 кг-д 27 бөх бий. 

Хөх хотын гран-при тэмцээний өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 10:00-с эхэлж, 21:00 цагт өндөрлөнө. Тэмцээний хуваарь ёсоор нээлтийн арга хэмжээ өнөөдөр 15:30-д болох юм байна.  

‘Inner Mongolia Stadium’ цогцолборт болж буй гран-при тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш хүнд жингийн барилдаанууд болно.

ШУУД ҮЗЭХ: https://www.ijf.org/

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж