Монголын шатрын холбооноос оюуны спортыг хөгжүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд орон нутагт улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Говь-Алтай, Завхан, Хэнтий аймгуудад шилдэг шатарчид цугларч улсын аварга цолны төлөө өрсөлдсөн бол энэ жил Арын сайхан хангай нутаг Архангайд цугларлаа.
Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-нд эхэлсэн бол маргааш өндөрлөх гэж байна.
Б.МӨНГӨНТУУЛ ТЭРГҮҮЛЖ, Т.МӨНХЗУЛ, Т.БАТЧИМЭГ НАР УДААЛЖ БАЙНА
Дэлхийн шатарчдын олимпиад ирэх есдүгээр сард Гүржийн Батумид болох бөгөөд энэ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох шатарчдыг УАШТ-ээс тодруулах болсноороо онцлог билээ. Тиймээс анхан болон хагас шигшээ тоглолтоос шалгарсан эрэгтэй, эмэгтэй шилдэг 12 шатарчин Архангайд өрсөлдөж байна.
Өчигдөр ес дэх өргийн тоглолт болж, тэргүүлэгчдийн эгнээнд багагүй өөрчлөлт орлоо.
Эмэгтэйчүүдээс олон улсын мастер, эмэгтэй Их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн шатрын холбооны дэд мастер Т.Номиндалайг хожсоноор 8.0 оноотой болж, тэргүүлэгчийн байраа хадгалж үлдлээ. Харин дэлхийн шатрын холбооны мастер Т.Мөнхзул Э.Хуланг хожсоноор дэд байранд орж ирсэн нь өрөг бүр хариуцлагатай болсныг харуулж өглөө.
ДҮН: /9 дэх өрөг/
- Б.Мөнгөнтуул – 8 оноо
- Т.Мөнхзул – 7,0
- Т.Батчимэг – 6,0
- Д.Янжиндулам – 5,5
- Э.Хулан – 5,5
- Ү.Үүрийнтуяа – 5,5
- Б.Мөнгөнзул – 4,0
- Т.Номиндалай – 3,5
- Б.Анхчимэг – 3,5
- О.Өлзийхишигжаргал – 3,0
- Г.Халиунаа – 2,0
- Б.Отгонсувд – 0,5 оноотой тэмцээнийг үргэлжлүүлж байна.
С.БИЛГҮҮН, Н.БАТТУЛГА НАР ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭГНЭЭНД БИЧИГДЭЖ БАЙНА
Эрэгтэйчүүдээс өчигдрийн ес дэх өрөгт олон улсын мастер С.Билгүүн дэлхийн шатрын холбооны мастер М.Гүнбаярыг, Олон улсын мастер Г.Мөнхгал дэлхийн шатрын холбооны мастер У.Насанжаргалыг тус тус хожиж, 7,5 оноотой болж, тэргүүлж эхэллээ. Мөн Олон улсын мастер Н.Баттулга дэлхийн шатрын холбооны мастер Э.Энхнарыг хожиж, 7,0 оноогоор гуравдугаар байрт бичигдэж эхэллээ.
ДҮН: /9 дэх өрөг/
- С.Билгүүн – 7,5 оноо
- Г.Мөнхгал – 7,5
- Н.Баттулга – 7,0
- У.Насанжаргал – 6,5
- Г.Амартүвшин -4,5
- Х.Баярхүү – 4,0
- Э.Баасансүрэн – 4,0
- Г.Эрдэнэ – 3,0
- Э.Энхнар – 3,0
- М.Гүнбаяр – 2,5
- Б.Баярмандах – 2,5
- Б.Галмандах – 2,0 оноогоор тус тус бичигдэж байна.
Өнөөдөр улсын аварга шалгаруулах тэмцээний 10 дахь өрөг болж, маргааш 11 дэх өргийн тоглолт болсноор өндөрлөнө.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://chess-results.com-с авна уу.