Орос-2018 хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд 20 хоног үлдлээ. Мэдээллийн NEWS агентлаг ДАШТ-нд оролцох 32 улсын шигшээ багуудын танилцуулгыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Азийн төлөөлөл Ираны шигшээ багийг танилцуулж байна.
- Дасгалжуулагч: Карлос Кейруш
- Шигшээ багийн ахлагч: Масуд Шожаи
- Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Жавад Некунам 151 тоглолт
- Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Аль-Даеи 109 гоол
- ФИФА-н чансаа: 2018 оны 5 сарын байдлаар 36
- ДАШТ-нд оролцсон байдал: 1978, 1998, 2006, 2014 онд оролцсон
- ДАШТ-нд үзүүлсэн амжилт: хэсгээс гарч байгаагүй
Москва хүрэх замд:
Ираны шигшээ баг Азийн хэсгийн сонгон шалгаруулалтанд Өмнөд Солонгос, Хятад, Узбекстан, Сири, Катарын шигшээ багуудтай өрсөлдөн нэг ч хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлж Оросыг зорих эрхээ авсан. Ираны шигшээ баг Орос-2018 ДАШТ-ний сонгон шалгаруулалтыг маш амжилттай давсан бөгөөд хаалгандаа ердөө 2 гоол алдаж 6 хожил 4 тэнцээтэй хэсэг тэргүүлсэн.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
Ираны дасгалжуулагч К.Кейруш энэ сарын 13-нд шигшээ багийн бүрэлдэхүүнээ 24 тамирчинтай зарласан. Эдгээрээс ганц тоглогч гэртээ үлдэж 23 тоглогч нь Орос руу явна.
- Хаалгач: А.Бейранванд (Персеполис), М.Мазахери (Зоб Ахан), А.Абезаде (Португалын Маритиму)
- Хамгаалагч: П.Монтазери, Р.Чешми, М.Хоссейни (бүгд Эстегляль), М.Ханзаде (Пададе), М.Пурлиганжи (Катарын Аль-Садд), Р.Резаэян (Бельгийн Остенде), М.Мохаммади (Оросын Ахмат)
- Хагас хамгаалагч: О.Эбрахими (Эстегляль), В.Амири (Персеполис), М.Тораби, А.Голизаде (хоюулаа Сайла), А.Дежага (Английн Ноттенхэм Форсест), Э.Хажсафи (Грекийн Олимпиакос), М.Шожаи (Грекийн АЕК Афин), С.Эззатоллахи (Оросын Амкар), С.Годдос (Шведийн Эстерсунд)
- Довтлогч: М.Тареми (Катарын Аль-Гарафа), А.Жахабахш (Нидерландын АЗ Алкмаар), Р.Гучаннежад (Нидерландын Херенвен), С.Азмун (Оросын Рубин), К.Ансарифард (Грекийн Олимпиакос)
ДАШТ-ний хэсэг:
Ираны шигшээ баг маш хүнд хэсэгт багтсан. Тэдний багтсан В хэсэгт Португал, Испани болон Мароккогийн шигшээ багууд бий. Хэсгийн эхний тоглолтоо Марокко улсын эсрэг хийнэ. Энэ тоглолт маш чухал. Мароккотой хийх тоглолтоос хожил авч чадвал Европын хоёр акул багтай тоглоход тамирчдын сэтгэл зүйг хүчтэй болгож болох талтай. Гэхдээ бодит байдал дээр гэнэтийн л зүйл тохиолдохгүй бол хэсгээс гарна гэдэг боломжгүй болов уу?
Түлхүүр тоглогч:
Нидерландын лигт тоглодог А.Жахабахш энэ удаагийн дэлхийн аваргаар гялалзах залуусын нэг байх боломжтой. Учир нь Нидерландын АЗ Алкмаар клубын А.Жахабахш өнгөрсөн улиралд 21 гоолтойгоор Нидерландын лигийн мэргэн бууч болсон. Иймд А.Жахабахш Ираны шигшээ багийн довтолгооны гол хүн байна.
Б.БЯМБАБАЯР