Ли Мен Баг нутаг буцав

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Ли Мен Баг нутаг буцав

БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг, гэргий Ким Юн Үг нарын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөж, өнөөдөр нутаг буцлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар энэ сарын 21-23-ны хооронд манай улсад төрийн айлчлал хийсэн юм.

Айлчлалынхаа хүрээнд БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийж, хоёр орны харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхээр болж, тохиролцсон. Мөн БНСУ-ын зүгээс Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дэмжихэд зориулж 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон билээ.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон БНСУ-ын Мэдлэгийн эдийн засгийн яам хооронд санамж бичиг байгуулж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Багануурын уурхайг түшиглэн нүүрс гүн боловсруулах үйлдвэр байгуулах талаар хоёр тал хамтран ажиллахаар тохиролцоонд хүрсэн юм. Айлчлалын үеэр БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Багт УИХ-ын дарга  Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар бараалхаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцсоны зэрэгцээ БНСУ-д хараар ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд нэг удаагийн виз олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн билээ. 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж