"Ж.Мөнхбатад харамсч байна"

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

"Ж.Мөнхбатад харамсч байна"

"Ж.Мөнхбатад харамсч байна"

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүүхдийн мөнийг хүүхэд бүрт биш 80 хувьд нь олгох тогтоолын төслийг баталсан. Энэ үеэр гишүүдийн зүгээс хүүхдийн мөнгийг 100 олгох боломжтой, МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан юм. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.


-Хүүхдийн мөнгийг 100 хувь өгөх боломж бололцоо Засгийн газарт байгаа гэж гишүүд шүүмжлээд байна?

-УИХ хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох шийдвэрээ гаргачихлаа. Хамгийн гол нь мөнгөндөө байгаа юм биш. Жил хагасын өмнө Монгол Улсын гадаад өрийн төлөлтөд эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болж, хандив хүртэл цуглуулж байсан. Улмаар ОУВС-гаас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаа даван туулахад туслахыг хүссэн. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд, Япон, БНСУ, БНХАУ тэргүүтэй улсуудын хөнгөлөлттэй зээлүүд орж байгаа. Анх хөтөлбөрийг авахдаа Японы Жайка, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хүүхдийн мөнгийг 60 хувьд буюу зөвхөн зорилтот бүлэгт олгохоор тохиролцож, бодлогын баримт бичгүүд дээр гарын үсэг зурсан байдаг. Өнөөдөр эдийн засгийн сэргэлт ажиглагдаж, зээлийн хүү бууж, эхнээсээ Монгол Улс өрнөөс салаад эхэлсэн байна. Энэ эерэг хандлагыг бид цаашдаа үргэлжлүүлэх шаардлагатай. Гэтэл хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгох энэ санал ОУВС-гийн хөтөлбөрийг зогсоох эрсдэлд хүргэж байгаа юм.

-ОУВС-гаас хүүхдийн мөнгийг 100 хувь олгох  эсэх нь танай Засгийн газрын асуудал гэж тайлбарласан нь ямар учиртай юм?

С.Эрдэнэ гишүүн худлаа яриад байгаа юм. Яагаад гэхээр, бид өмнө нь бодлогын хувьд тохирчихсон. Энэ бодлоготойгоо зөрчилдөөд байгаа юм. Засгийн газар өнгөрсөн таван сарын хугацаанд 60 хувийг 80 хувь болгохын тулд маш олон гэрээ хэлцэл хийсэн. Нөхцөл байдал ийм байхад одоо шууд 100 хувь болгох шахалт үзүүлэхээр бид тохирсон зүйлээ зөрчих гээд байна. Ингэж буцах юм бол хөтөлбөр зогсох эрсдэлтэй. Яг ийм эрсдэл байгаа учраас бид 80 хувь гэж тохирсноороо мөнгөө олгоод явъя гэж байгаа юм. Хүүхдэд хайртай, хайргүй гэх асуудлыг сөхөж ярьлаа. Гэхдээ бид улс орныхоо төлөө гэсэн том агуулгаар нь харж, асуудалд хандах хэрэгтэй.

-Өмнөх ЗГХЭГ-ын дарга бүх хүүхдэд мөнгө олгох боломжтой гэсэн байр суурийг илэрхийлээд байна?

Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа хүүхдийн мөнгийг 60 хувь болгож бууруулсан. Хүүхдийн мөнгийг 60 хувьд болгосон Засгийн газарт ажиллаж байсан хүн өнөөдөр ийм зүйл ярьж байгаад харамсч байна.

-Тэгвэл бодлогын баримт бичгүүд дээрээ тэдий хугацаанд 80 хувьд олгож, цаашдаа нэмэгдүүлнэ гэсэн байдлаар тохирсон зүйл байгаа юу?

-Энэ бол бодлогын баримт бичгийнхээ хүрээнд бид талуудтай тохиролцох, ойлголцох л асуудал. Ямар ч байсан Засгийн газар 2018.04.01-нээс нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгө олгох тогтоолыг УИХ руу оруулсан. Энэ тогтоолын төсөл хоёр сар гацчихлаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж