Өнөө үед мэдээллийн орон зай, мэдээлэл-сэтгэл зүйн дайны халуун цэг, гол талбар болж байна. Судлаачдын үзэж байгаагаар, хүн төрөлхтний түүхэнд байгаагүй өргөн цар хүрээтэй мэдээллийн дайн өрнөж, дэлхийн хүн амын дийлэнх нь энэ дайны оролцогч, ялагч, ялагдагч болжээ. Иймд мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал улс орны өмнө тулгамдаж буй учир БХЯ, Үндэсний батлан хамгаалахын Их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн /БХЭШХ/ хамтран “Мэдээллийн аюулгүй байдал, онол практикийн тулгамдсан асуудал” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний ээлжит хурлыг зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Улс орнуудын мэдээллийн аюулгүй байдлын талаарх эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг сонсохын сацуу бүс нутгийн улс орнууд мэдээллийн аюулгүй байдлын эсрэг хамтын хүчээр тэмцэхэд хурлын гол зорилго чиглэгдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Мэдээллийн аюулгүй байдлын хууль эрхзүй орчныг сайжруулж цаашид хийж хэрэгжүүлэх бодлогын чанартай ажлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд цаашлаад төрийн өндөрлөгүүдэд хүргэх шаардлагатай байна гэдгийг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хэллээ. Батлан хамгаалах яамны Кибер аюулгүй ажиллагаанд санаатай болон санамсаргүй хоёр ч халдлага гарсан гэдгийг хурлын үеэр хэлж байлаа. Эрсэлд өртөж буй гол шалтгаан нь тоног төхөөрөмж хангалтгүйгээс гадна мэдлэг мэдээлэлгүйн улмаас халдлагад өртөж байна гэдгийг судлаачид тодотгосон юм.
БХЭШХ-ийн захирал, доктор, профессор, хурандаа Б.Мөнхсайхан:
Мэдээллийн эрин зуунд мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах асуудал нь хувь хүн, төр, хувийн хэвшил цаашлаад улсын хэмжээнд яригдах болсон. Тиймээс энэхүү тулгамдаж буй асуудалд эрдэмтэн, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын хүчээр шийдвэрлэхэд хурал чиглэгдэж байна. Монгол Улсын хувьд мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль батлагдаж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Үүнтэй холбоотой акт, хууль тогтоомжууд гарсан хэдий ч хуулиа хэрэгжүүлэх арга замыг тал талаасаа ойлголцох шаардлагатай байна. Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн ойлголтууд нэг мөр болоогүй. Салбар бүрт өөр өөрийн тайлбараар явдаг. Ялангуяа сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо олон болсноор мэдээллийн замбараагүй урсгал бий болсон. Үүнд олон нийт болон төр засгийн зүгээс хяналт тавьж, зохицуулалт хийх цаг нь болсон. Техник технологийн дэвшил нь өөрөө эрсдэлийг хамтад нь дагуулдаг. Орчин үеийн мэдээллийн техник хэрэгслийг манайхан ашиглаж байгаа ч эргээд хяналт тавих орчин нь эргэлзээтэй. Яагаад гэвэл техникийн хөгжлийг дагаад мэдээллээ алдах шугам нь нээлттэй болчихсон. Энэ шугамыг хянаж шалгадаг байх эрхзүйн орчин нь хараахан бүрдээгүй байна.
Үндэсний дата төвийн ахлах мэргэжилтэн Э.Ганболд:
Аюулгүй байдлын хамгийн энгийн хэрэглээ нь суурь ойлголт юм. Аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалах нь санхүүгийн чадамжтай холбогддог. Өөрөөр хэлбэл, хамгаалалтын тоног төхөөрөмжгүйгээр аюулгүй байдлын тухай яривал өрөөсгөл. Мэдээллийн аюулгүй байдлын гол гурван тулгуур нь тоног төхөөрөмж, мэдлэг, хууль эрхзүйн нэгдэл гэж үздэг.
Цахим шуудангийн өдөр тутмын үйл ажиллагаанд мэдээлэл нууцлагдах нь хамгаалагдсан нууц үг хэр баталгаатай вэ гэдгээс шалтгаалдаг. Аюулгүй байдлын хэм хэмжээг тогтмол хангах нууц үгээ сар тутам солих, 13 ба түүнээс дээш үсэгтэй буюу том, жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгтүүд орсон байх нь эрсдэлээс хамгаалах нөхцөл бүрдэнэ.
Овог нэр, утасны дугаар, автомашиныхаа дугаар, хүүхдийнхээ нэр, төрсөн он, сартай холбоотой мэдээллийг нууц үгэндээ ашиглах хориотой. Хэрэв эдгээрийг орууллаа гэхэд хүүхдийнхээ нэрийн төгсгөлийн үсэг, өөрийн нэрийн дундах үсгийг оруулах байдлаар мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах хэрэгтэй. Нууц үгээ мартахаас сэргийлж энгийн нууц үг ашиглах нь эргээд эрсдэлийг дагуулдаг. Ихэнх хэрэглэгчид банкны карт болон бусад кредит картынхаа нууц үгийг төрсөн он, сар өдрөөр хийх нь түгээмэл. Үүнээс болж мөн л эрсдэлд өртдөг. Сүүлийн үед сошл орчинд зар сурталчилгаагаар дамжуулан бусдын мэдээлэлд халдах явдал ихсэж байна. Тухайлбал, холбоосоор дарж мэдээллийг харна уу гэдэг. Гэтэл тухайн холбоос хуурамч үгүй эсэхийг хэрэглэгч ялгах боломжгүйгээс хувийн мэдээллээ алддаг.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, доктор Б.Галаарид Мэдээллийн аюулгүй байдал, ба хэвлэл мэдээлэл сэдвээр илтгэл тавив. Тэрбээр “Мэдээллийн аюулгүй байдал бол манай салбарт маш онцгой асуудал юм. Бид хэвлэлийн эрх чөлөө гэж л ярьдаг болохоос биш мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах асуудал орхигдсон. Учир нь энэ чиглэлд хөрөнгө санхүү хүрэлцдэггүйгээс байгаа техник хэрэгслээ л ашигладаг. Аль болох хямд төхөөрөмж, бага зардлаар программ хангамж олж авдаг гэсэн үг. Мэдээллийн аюулгүй байдлаа хангахдаа тухайн редакц сүлжээний аюулгүй байдлаа хангах, хувь сэтгүүлчийн тухайд өөрт байгаа мэдээллийн нууцлалыг хамгаалах асуудал юм. Наад зах нь цахим хаягийнхаа нууц үгийг тогтмол сольж байх нь чухал. Энэ асуудлаа үндсэндээ бид ярилгүй орхигдуулж ирсэн. Нийтээрээ ярьж байгаа үед төрийн оролцоотойгоор зохицуулалт хийх шаардлагатай гэж харж байгаа. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн ажилчид бид үндсэн хоёр үүрэгтэй. Өөрийнхөө мэдээллийг хамгаалахаас гадна олон нийт, хэрэглэгчдийг мэдээллийн аюулгүй байдлаас хамгаалуулах мэдлэг, чадвартай болгоход туслах үүрэгтэй хүмүүс.