АТГ: С.Баярыг айлган сүрдүүлж, дарамталсан зүйл байхгүй

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

АТГ: С.Баярыг айлган сүрдүүлж, дарамталсан зүйл байхгүй

АТГ: С.Баярыг айлган сүрдүүлж, дарамталсан зүйл байхгүй

 Авлигатай тэмцэх газрын сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр /2018.05.25/ болов. Уг хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар оролцож, 2018 оны тавдугаар сард хийсэн үйл ажиллагааны талаар мэдээллээ.


2018 оны тавдугаар сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 85 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 27 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгасан.

Энэ сард Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 26 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Одоо 318 эрүүгийн хэрэг мөрдөн шалгаж байна.


Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– АТГ-ын дарга Х.Энхжаргал мөрдөн шалгагдаж байгаа хүнийг өрөөндөө дуудан шалгах эрх зүйн үндэслэл бий юу?

-Оюутолгойн гэрээний асуудлаар шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс шүүгчийн захирамжаар цагдан хоригдож шалгагдаж байгаа. Хорих үндэслэлийн тухайд прокурор санал гаргаж, шүүх саналыг хүлээн авч үндэслэлтэй гэж үзэн, шүүгчийн захирамж гарснаар цагдан хоригдож байгаа. Хорих үндэслэлийн асуудал дээр шүүхийн шийдвэрээр явагдаж байгаа учир хэн нэгэн хөндлөнгийн тайлбар хэлэх боломжгүй. Хоригдож буй сэжигтэн яллагдагч нарыг Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа, байцаалт гэх мэт тодорхой үйл ажиллагааг прокурорын хяналт дор явуулдаг. Энэ ажиллагааны хүрээнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Ийм ажиллагаа нэр бүхий хүмүүс дээр 1-2 удаа явагдсан. Энэ ажиллагааны хүрээнд /2018.05.03/-ны өдөр Ерөнхий сайд асан С.Баярыг цагдан хорих 461-р ангиас авчирч өмгөөлөгчийг оролцуулж байцаалт авсан.

– АТГ-ын дарга Х.Энхжаргал С.Баярыг өрөөндөө байцаасан гэсэн мэдээлэл яваад байгаа шүү дээ. Энэ асуудлаар тайлбар өгөхгүй юу?

-АТГ-ын даргын тухайд Авлигын эсрэг тухай хуулийн 23.1.7-т заасны дагуу гүйцэтгэх хэргийг мөрдөн байцаах, танилцах эрхтэй. Энэ эрхийн хүрээнд шалгагдаж байгаа хэрэгтэй танилцах, үүрэг чиглэл өгөх эрх нь нээлттэй. Энэ эрхийн хүрээнд тухайн яллагдагч хүсэлт гаргасан тохиолдолд хүлээж авч уулзах энэ ажиллагаа ямар нэгэн хууль зөрчсөн ажиллагаа болоогүй. ОНЗ-өөс мэдээлсэн шиг С.Баярыг дарамталсан, айлган сүрдүүлсэн тийм арга хэмжээ болоогүй. Прокурорын зөвшөөрөлтэй хийгдсэн ажиллагаа байгаа.


Шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл 

  • Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э нь өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр ‘River garden’ цогцолбор хотхоноос 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авсан боловч энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 7 дахь удаагаа шилжүүлээд байна.

  • Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нь 2016 онд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэв.

Шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргийн мэдээлэл

  • Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохын тулд аж нэгж, хуулийн этгээдээс 57.5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хахууль авсан Д.Батбаярт 6.5 сая төгрөгөөр торгуулийн ял оногдуулсан. Хахууль өгсөн хуулийн этгээдийг 120 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна.

  • Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицероор ажиллаж байсан С.Гансүх нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явсан иргэн С-ээс бусдаар зуучлуулан 200 мянган төгрөгийн хахууль авсан хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх хэлэлцэж 1,6 жилийн хорих ял оногдуулж, тэнсэж шийдвэрлэгдсэн.

  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь 90.7 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт тус газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Д.Батмагнайд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 9.5  сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.

  • Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа ашиглаж 13.4 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шүүхээс Н.Нарангэрэлийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж, хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэрч Ч.Тавансахъяад Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулсан байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж