Ирэх долоо хоногт тохиох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/-аас зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдэд борлуулж буй хүүхдийн бэлгэнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байгаа аж. Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтэс, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Сарнайгаас тодрууллаа.
-Зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдэд борлуулж буй хүүхдийн бэлгэнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байгаа юм байна. Одоогоор хичнээн аж ахуйн нэгжид зөрчил илрээд байна вэ?
-НМХГ-аас тавдугаар сарын 7-ны өдрөөс шалгалт хийж эхэлсэн. Одоогийн байдлаар есөн дүүргийн 110 аж ахуйн нэгж, 73 иргэний хүнсний худалдаа, үйлчилгээний газар хяналт, шалгалт хийж, нийт давхардсан тоогоор 219 зөрчил илрүүлэн 164 буюу 74.8 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авсан. Зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 42 заалт бүхий есөн албан шаардлага, нэг албан даалгавар хүргүүллээ.
-Шалгалтын явцад ямар зөрчлүүд ихээр илрэв?
-Шалгалтаар явж байхад хадгалах хугацаа нь дууссан, хүнсний бүтээгдэхүүнд тавигдах хаяг шошгын стандарт шаардлага хангаагүй, үйлдвэрлэсэн огноо нь тодорхой бус тэмдэглэгээтэй. Мөн гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнүүд ихээр илэрсэн.
Хяналт шалгалтын явцад ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийг хүүхдийн бэлгэнд боох зөрчил их ажиглагдаж байна.
Томоохон сүлжээ дэлгүүрүүд хүүхдийн бэлэг боохдоо хугацаа болон бусад стандарт дээр анхаардаг болсон байна. Харин жижиг дэлгүүр, түргэн үйлчилгээний цэг, мухлагууд хадгалах хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнүүд их зарж байна. 2013 онд хугацаа нь дууссан чихэр, үнэр орсон гурилан бүтээгдэхүүн болох сүүтэй тэргүүн зарж байх жишээний.
-Зөрчил илэрсэн аж ахуйн нэгж дээр ямар хариуцлага тооцох вэ?
-Хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүд худалдаалах юм бол аж ахуйн нэгжийг арван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ, иргэнийг нэг сая төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг. Шошгын шаардлага хангаагүй 28 нэрийн таван кг, 2145 ширхэг, 5.500.000 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлсэн. Хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа нь дууссан 27 нэрийн 527 ширхэг нийт 260.850 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт тогтоон устгуулж 24 аж ахуйн нэгж, иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар 7.350.000 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ тооцлоо.
Шалгалтын явцад 52 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд дүгнэлт өгөх зорилгоор дээж авч НМХГ-ын нэгдсэн төв лабораторид шинжлүүлж байна. Хүүхдийн баяртай холбоотойгоор түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох бялуу, хиам, нийслэл салат зэргийг баярын үеэр их хэрэглэдэг. Эдгээр бүтээгдэхүүнийг гэртээ хийсэн эсвэл гаднаас худалдан авсан ч бай тухайн өдрөө идэж дуусгахгүй бол хордлогод орох эх үүсвэр болно. Тийм учраас бялууг аль болох хоног дамжуулахгүй идэх. Салатыг ялангуяа тэр өдөртөө идэж дуусгах хэрэгтэй.
Э.Бурам