Идлэг шонхроос 2,2 сая ам.доллар олно

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Идлэг шонхроос 2,2 сая ам.доллар олно

Монгол Улс энэ онд  хэдэн идлэг шонхор экспортод  гаргах, энэ ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх мэдээлэл хийлээ. Энэ онд идлэг шонхор экспортлох талаар олон улсын байгууллагын шийдвэр тодорхой шалтгаанаар хойшлогдсон учир Монгол Улсын Засгийн газрын шийдвэр мөн хүлээгдэж, идлэг шонхор барих хугацаа богиноссон тул 240 шонхор гаргахаар энэ сарын 16-нд шийдвэрлэжээ. Энэ хүрээнд Арабын Кувейт, Катар, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират  зэрэг улсын төлөөлөгчидтэй 10 гэрээ байгуулж, нийт 203 шонхор барих зөвшөөрөл олгосон байна. Одоогийн байдлаар шонхор барих ажил эхлээд байгаа аж. Дээрх асуудлаар Л.Гансүх сайдаас зарим асуултад хариулт авлаа.

-Шонхор барихад янз бүрийн зөрчил гардаг. Үүнд ямар хяналт тавьж  ажиллах вэ?

-Ер нь жилээс жилд зөрчил дутагдал гарах нь багасч  байгаа. Хяналт тавих чиглэлээр манай яам, Гааль, хилийн мэргэжлийн хяналт, Тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт, Биологийн хүрээлэн, Амьтны эрхийг хамгаалах сангийн төлөөлөл бүхий 12 хүний  бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Тэд сум, орон нутгийн удирдлагатай хамтран ажиллаж хяналт  тавина. Энэ жил зөрчил, дутагдал гарахгүй гэж найдаж байна.

-Хэдэн аймгаас идлэг шонхор барих зөвшөөрөл олгосон бэ?

-Өнгөрсөн оны зургадугаар сард явуулсан  идлэг шонхорын тархац, нөөцийн судалгаа, аймгуудаас ирүүлсэн зарим саналыг үндэслэн Архангай, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Дорнод  гэсэн 11 аймгаас идлэг шонхор барих  зөвшөөрөл олгоод байна.

-Идлэг шонхор барихад тагтааг өгөөш болгож байгаа гэсэн. Үүнд тодорхой хязгаар тогтоосон уу?

-Нэг идлэг шонхор барихад таван тагтаагаар өгөөш хийх талаар журамд тусгасан байгаа. Отгууд тагтаагаа хувь хүнээс худалдаж авч байгаа байх. Суурин газарт тагтаа олноор үржүүлэх нь зарим талаараа сөрөг нөлөөтэй. Тэгэхээр идлэг шонхор барихад тагтааг өгөөшөө хийх нь сөрөг үр дагавар авчрахгүй.

-Манай улс идлэг шонхроос тодорхой хэмжээний ашиг олж байгаа. Энэ жил нэг шонхроос хэдэн төгрөгийн ашиг олох вэ?

-Үе үеийн засгийн газар Арабын орнуудын өндөр хэмжээний төлөөлөгчдийн хүсэлтээр энэ ажлыг зохион байгуулж ирсэн. 2000-2010 онд нийт 2700 гаруй толгой идлэг шонхор худалдаж, 18.4 сая ам.доллар төвлөрүүлсэн тооцоо бий. Нэг шонхрыг 11760 ам.доллараар үнэлдэг гэхээр 203 идлэг шонхороос 2.2 сая ам.доллар болно гэсэн үг.

-Шонхор барих хугацаа хэзээ дуусах вэ?

-Ирэх сарын дунд үе гэхэд дуусна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж