Ц.Сандуй нийслэлийн МАН-ын даргын албан тушаалаа өгснөөс хойш энэ суудал эзгүй байгаа. Тэгвэл тун удахгүй МАН-ын бага хурлыг ирэх зургадугаар сард хийхээр төлөвлөжээ. Намын дүрэм ёсоор нийслэлийн МАН-ын даргыг Бага хурлаас сонгох ёстой юм . Нийслэлийн намын хорооны хурлын товыг МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргаж, төлөөлөгчдийн тоог тогтоох юм.
Харин намын даргад хэн хэн өрсөлдөх вэ гэсэн асуулт анхаарал татаж байна. Намд тогтсон дүрмээр ялалт байгуулсан тохиолдолд Ерөнхий сайд нь намын даргаа давхар хийгээд явдаг уламжлал тогтоод буй. Дэлхийд бусад орнуудад ч энэхүү дүрэм үйлчилдэг. Энэ ёсоор хотын Засаг дарга нийслэлийн намын даргаа хийгээд явах нь зөв гэж үзэж буй гэнэ. Тиймээс Су.Батболд намын даргад өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр энэ тухайгаа “MNC” телевизийн “Мөнхтөрийн цаг” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр одоогоор нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч хийж байгаа юм. Энэхүү шийдвэрийн нийслэлийн МАН-ын хорооныхон ч дэмжиж, өрсөлдөгчдийг тэргүүлж байгаа сурагтай. УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаад орон нутгийн сонгуульд “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийг дэвшүүлэн өрсөлдөж, ялалт байгуулсан түүнийг дараагийн сонгуульд нийслэлийн МАН-ыг удирдуулах эсэхийг Бага хурлаараа шийдэх юм. Түүнээс гадна өөр хэд хэдэн нэр дуулдаж байгаа ч одоогоор албан ёсоор зарлаагүй байна.
Л.ХАЛИУ