Улсын их дэлгүүрийн /УИД/ урдах талбайд өчигдөр /2018.05.24/ ‘Говийн домог’ киноны уран бүтээлчид болон “UBS” телевизийн хамт олон киногоо сурталчлах өдөрлөг зохион байгуулав. Тус өдөрлөгөөр ‘Говийн домог’ киногоо олонд сурталчлахаас гадна ирсэн азын сугалаа сугалуулж, тэмцээн зохиолоо. Өдөрлөгт киноны гол дүрийн жүжигчид болох Б.Замилан, Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, жүжигчин дуучин Ч.Очгэрэл нар хүрэлцэн ирсэн байв. Мөн СУИС-ийн оюутнууд ‘Говийн домог’ кинонд зориулж урласан хувцаснуудыг өмсөн олон нийтэд танилцууллаа.
Энэхүү киноны зураг авалтыг Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газар болох Хэрмэн цав, Баян заг, Хонгорын элс, Ёлын ам, Мухар шивэрт зэрэг газарт хийсэн байна. UBS телевизийн хамт уг киног олон улсын өндөр зэрэглэлийн кино наадамд сойхоор төлөвлөж байгаагаа мөн хэллээ.
Өдөрлөгийн талаарх зарим зүйлийг тодруулахаар UBS телевизийн нийтлэл нэвтрүүлгийн албаны дарга Б.Сайнбаяртай уулзлаа.
-Энэ өдөрлөгийнхөө талаар та товчхон мэдээлэл өгөөч?
-UBS телевизийн дэлгэцийн долоо дахь уран бүтээл ‘Говийн домог’ уран сайхны кино бараг сар гаруйн хугацаанд Улаанбаатар хот болоод дөрөв, таван аймгийн дэлгэцэд гарсан. Үзэгчид маш сэтгэл хангалуун байгаа. Манай киног ивээн тэтгэсэн ‘Номин холдинг’ компанийн хамт олонтой хамтраад УИД-ийн өмнөх талбайд энэ өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгт ‘Говийн домог’ киноны уран бүтээлчид яг өөрийн дүрийн хувцастай ирээд үзэгчидтэйгээ хамт гэрэл зургаа татуулаад, жүжигчидтэйгээ уулзаж байгаа нь сайхан байна. Хамгийн гол нь энэ л сайхан халуун дулаан харилцааг үүсгэх гэж манай телевизийн хамт олон өнөөдөр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Кинонд Бүрий гээд хуурчийн дүрд тоглосон Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай, их хатны дүрд тоглосон Ч.Очгэрэл, гол дүр гүнжийн дүрийг бүтээсэн Б.Замилан нар ирсэн байна. Энэ киноны хувцсыг бүгдийг нь шинээр загварыг нь зохиож хийлгэсэн. Эдгээр хувцсыг СУИС-ийн жүжигчний ангийн оюутнууд өмсч байна. Өдөрлөг эхлээгүй байхад хүмүүсийн хүлээлт үүссэн байгаа нь энэ арга хэмжээ маань үр дүнтэй болж байгааг харуулж байна.
-Хувцасны талаар тодруулбал?
-UBS телевиз 2015 онд ‘Содура’ уран сайхны киног хийхэд тайгын хүмүүс яг ямар хувцас өмсдөг юм гэдгийг төсөөллөөр манай ерөнхий зураач н.Нямсүрэн маань хувцасны зургийг гаргаад бүгдийг шинээр хийсэн. Кинонд хэрэглэсэн зэр зэвсэг, эд хэрэгслийг ‘Монгол кино’ нэгтгэлээс авсан байдаг. Харин энэ хувцаснуудын хувьд бүгдийг шинээр хийлгэсэн байгаа. Нэг дүр л гэхэд 4-8 хувцас хийлгэсэн байдаг.
-Киног хэр их хүн үзэж байна. Кино цаашдаа хэр хугацаанд гарах бэ?
-Хэдий хүртэл кино гарахыг бид таашгүй. Яагаад гэвэл үзэгчид маань үзээд байвал гараад л байна байх. Үүнд бид урамшаад л байна. Хамгийн бага кино театр л гэхэд өдөрт 3-5 цагийн хуваарьтайгаар гарч байна. Орон нутгаас Эрдэнэтэд гарч байгаа. Зүүн гурван аймагт гарсан. Дархан-Уул аймагт маш амжилттай гарсан. Дарханы кино театраас буцаад биднийг уриад дахиж гаргаач, Дарханы иргэд минь үзэж дуусаагүй байна гэсэн. Одоогийн байдлаар 150,000 гаруй хүн киног үзсэн байна. 2015 онд ‘Содура’ кино минь кино театруудад хамгийн удаан буюу таван сар гарсан байдаг. Тэр амжилтыг манай ‘Говийн домог’ кино маань эвдэнэ гэж бодож байгаа.
Н. Ганбат