Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихвий дээ

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихвий дээ

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихвий дээ

Жил бүрийн намар УИХ-ын чуулганаар төсөв, мөнгөний бодлого хэлэлцэх үеэр төрийн түшээд маань банкны зээлийн хүүгийн өндрийг гайхаж баахан шүүмжилж, маргалдаж байгаад ямар нэгэн шийд гаргалгүй нам жим болдог байсан билээ. Харин энэ хавар хараал идсэн мөнөөх хүүгийн талаар ширүүхэн арга хэмжээ авахаар шийдэж УИХ-ын эрхэм гишүүд Зээлийн хүүд хязгаар тогтоох хуулийн төсөл өргөн бариад буй сурагтай.

Статистик мэдээллээс харвал манайд 122 мянган хүн ажилгүй байна. Ажлын байр олноор бий болох, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ олигтой хөгжихгүй байгаагийн үндсэн шалтгаан нь зээлийн өндөр хүүтэй холбоотой гэж үзэх хүн олон бий. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид маань олсон жаахан юмаа зээлийн хүү болоод зээл, татвар, зардалдаа өгөөд таардаг гэнэ. Зээлийн хүү өндөр учраас хуримтлал үүсгэх боломж хомс. Хуримтлалгүй тул өргөжих, хөгжих тухай яриа байхгүй.

Зээлийн хүү өндөр учраас ажлын байр үүсдэггүй, нэгэнт ажлын байрны өсөлт бага, хөдөлмөр эрхлэлт муу учраас үйлдвэрлэл, үйлчилгээ хөгждөггүй, боломжийн тооны үйлдвэр, үйлчилгээгүй тул нэмүү өртөг, мөнгө бий болдоггүй, мөнгө арвижиж хуримтлал хангалттай бүрддэггүй учраас зээлийн хүү буурдаггүй, ийм л байдалтай байна. Чөтгөрийн гэмээр энэ тойргоос яаж гарах вэ. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур зээлийн өндөр хүүг хэрхэн номхотгох вэ. Болдогсон бол зээлийн хүүг бууруулаад зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх юмсан.

Гэвч бидний хүсээд буй бага хүү их зээл олголтыг бий болгож чадах уу гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна. Зээлийн хүүг зах зээлийн жамаар бус, захиргааны замаар тогтооход үр дагавар, нийт эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь үр дүнтэй байж чадах уу гэсэн асуулт байна. Мөн гадаад, дотоодоос гайгүй үнэлгээ аваад мөрөөрөө хөгжиж байгаа банкныхаа нуухыг авах гэж байгаад түүний нүдийг сохолчихвий дээ гэсэн болгоомжлол бас байна. Тэгвэл ч муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гээч болно шүү.

Юуны өмнө эрэлт, нийлүүлэлтэд үндэслээгүй хүү банк, санхүүгийн байгууллагын актив хөрөнгө, зээл олгох чадамжийг нэмэгдүүлэх нь эргэлзээтэй гэдгийг хэлье. Учир нь зээлийн хүүгийн бууралт болоод зээлийн хүрэлцээний өсөлт хооронд онолын хувьд шууд хамаарал алга.

Зээлийн хүүг тухайн улсын эдийн засгийн хөгжлийн түвшний илэрхийлэл гэж хэлж болно. Хүү хөгжлийн түвшинтэйгээ уялдаатай гэсэн үг. Түүнчлэн эдийн засаг, бизнесийн харилцаа нь эрсдэл ихтэй, “ойлгомжгүй” байвал зээлийн хүү өндөр байх тавилантай. Хадгаламжийн хүү буурвал зээлийн хүү буурна гэдэг нь хэт өрөөсгөл, дутуу ойлголт.

Зээлийн хүү нь макро эдийн засгийн дараах үзүүлэлтээс хамаарна. Үүнд:

  • Улсын төсвийн алдагдал
  • Улс орны ажилгүйдлийн түвшин
  • Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт, инфляцийн түвшин
  • Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ
  • Бүтээмжийн түвшин
  • Засгийн газрын өрийн хэмжээ
  • Төв банкны бодлогын хүү.

Мөн нийгэмд эзлэх дундаж давхаргын байр суурь зээлийн хүүд бас нөлөөтэй. Хэрэв тухайн улс нийгэмд боломжийн орлого, хуримтлалтай дундаж давхарга бага байвал зээл хүсэгчдийн тоо, эрэлт өндөр байна. Түүнчлэн улс орны авлигын индекс, ялангуяа санхүүгийн салбар дахь авлигын түвшин зээлийн хүүгийн төлөвт нөлөөлнө.

Дээрхээс харвал арилжааны банкны зээлийн хүү тухайн банкны үйл ажиллагаанаас гэхээсээ илүү нийт улсын эдийн засгийн “нүүр царай”-наас хамаарч байна. Бодлого тодорхойлогчдоос, улс орныг удирдаж байгаа УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанаас шууд хамааралтай харагдана. Өөрөөр хэлбэл асуудал бодлого тодорхойлж шийдвэр гаргагчдын гарт байна гэсэн үг.

Дурдсан макро үзүүлэлтүүд манайд тааруу байгаа. Ажилгүйдлийн түвшин 10 шахам хувь, Засгийн газрын өр 10 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 90 хувь, төсвийн алдагдлын төлөвлөлт 2 их наяд төгрөг, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ дэлхийн дунджаас доогуур, бодлогын хүү 10, авлигын индекс 16 байраар ухралттай, өрсөлдөх чадвараар дэлхийд сүүлээсээ хоёрт г.м. Үндсэн асуудлаа нааштайгаар шийдээгүй байж түүнээс үүссэн үр дүнг засварлана гэдэг бол логикийн хувьд алдаатай бөгөөд өгөөж өгөх нь үгүй.

Иймд зээлийн хүүг бууруулъя гэвэл түүнд нөлөөлдөг макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг л сайжруулах хэрэгтэй болох нь. Улс орныг удирдагч институцүүд бодлогоо болоод үйл ажиллагаагаа сайжруулах асуудал юм. Ажлаа сайн хий гэсэн үг л дээ. Өөр зам бараг байхгүй. Өөрөөр бол хүсээд буй хүү тань бий болохгүй .

Арилжааны банкны зээлийн хүүд захиргааны замаар хориг тавина гэдэг нь улс орныг удирдагчдын хувьд тулгарсан асуудлыг сүүлнээс нь буюу буруу талаас нь амар хялбар аргаар шийдэх гэсэн гэнэн оролдлого л юм даа. Өөрсдийгөө хуурсан явдал болно.

Артерийн даралтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол түүний үүссэн шалтгааныг анагааж арилгах явдал байдаг. Даралтын эм ууж хүчээр бууруулах нь түр зуурын амь аргацаасан арга гэж эмч нар үздэг. Зээлийн хүүд хуулийн хүчээр хязгаар тогтоох нь үүн лугаа адил болой. Асуудлын мөн чанар иймэрхүү байхад манай гишүүд ходоод гэдэснийх нь эмгэг зовиурыг илааршуулахгүйгээр шууд л нүүр царайд нь оо энгэсэг түрхээд л “хөөрхөн” хүүтэй болчих санаатай байна л даа.

Үнэ, ханш зэрэг чөлөөт зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд эрэлт, нийлүүлэлтийн харьцаагаар тогтоогдож байдгийг мэдэхгүй хүн ховор. Зээлийн хүү ч мөн адил. Эдийн засгийг хөдөлгөгч үндсэн хэрэгсэл болох мөнгө гээч зүйл Монголд харьцангуй хомс байгаа учраас хүү өндөр байна. Монголд мөнгөний эрэлт, зээл хүсэгчдийн тоо их байгаа учир хүү өндөр байна. Манайд зээлийн эрэлт жилд 40-60 хувиар өсөж байгаа. Монголд эдийн засгийн болоод улс төрийн эрсдэл өндөр байгаа учраас хүү өндөр. Эдийн засгийн удирдлагын жанжин штаб – Засгийн газрын нас хоёр жил хүрэхгүй байна. Улс төрөөс хамааралтай эдийн засгийн тогтворгүй байдал их. Манайд инфляци, төгрөгийн ханшийн тогтвортой байдалд итгэж болох ирээдүйн төлөв банк, санхүүгийнхэнд харагдахгүй байгаа учир зээлийн хүү өндөр байна. Үндэсний валют үнэгүйдэх явдал үе үе гардаг, гадаад өрийн хэмжээ тасралтгүй өсөж байгаа нь ханшийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа. Бүтэц муу, эдийн засаг оновчтой төрөлжөөгүй, ганц хоёр салбар, түүхий эдийн үнэ ханшаас хамаардаг нь мөнгө, санхүүгийн төлөвт муугаар нөлөөлдөг.

Хэдийгээр төсвийн сахилга бат дээрдэж, ДНБ-д харьцуулсан төсвийн алдагдлын хэмжээ буурсан байдалтай байгаа боловч цаашид энэ нь тогтвортой үргэлжлэх баталгаа байхгүй байна. Сонгууль ойртож байна. Эрх мэдэлд хүрэхийн тулд улстөрийнхөн юу ч хамаагүй амлаж, хийж мэднэ. Сул мөнгө цацдаг улстөрчдийн уламжлалт араншин хөдлөхгүй гэх баталгаа байхгүй байна. Банк, санхүүгийнхан энэхүү томоохон эрсдлийг тооцож буй.

Яагаад гэвэл манай улстөрчид гэв гэнэт л мөнгө тараах шийдвэр гаргадаг. Сүүлийн 10 жилийн бодит түүх ийм л байгаа. Мөнгийг хэдэн их наядаар нь зүгээр тараачихлаар мөнгөний ханш унадаг, жамаараа явж байсан зах зээлийн тэнцвэр алдагддаг, хүчтэй савалгаа давалгаа үүсгэдэг. Өгсөн зээл нь үнэгүйдэх нь зээлдэгчийн хувьд дампуурлын ирмэг дээр ирж байгаатай адил. Хөрөнгө мөнгөө үнэгүйдэхээс хамгаалах хэрэгсэл нь хүү. Эрсдлийг тооцсон бодит хүү, үгүй бол дампуурна.

Дашрамд дурдахад Монголын эдийн засгийн алуурчид нь Монголын улстөрчид болоод байна, түүнээс ОУВС, Хятад, Канад биш. Хүмүүст сул мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж байна, бэлэнчлэх сэтгэлгээ залуусыг сул дорой, бас балай болгож байна.

Улстөрчдийн хувьд ард түмэнд хайртай гэдгээ батлах л хамгийн чухал аж. Ойрын жишээ хэлбэл, манайд хүүхдийн мөнгөө авах сонирхолгүй хорин хувь байдаг юм байна. Гэтэл тэдэнд заавал мөнгө өгнөө, тэгэхгүй бол тэгш байдал, шударга ёс алдагдлаа гээд улс төрийн зүтгэлтнүүд маань учир зүйгүй зүтгээд байх юм. Иргэнд мөнгө авахгүй байх эрх бас баймаар.

Төв банк нь улс төрийн нөлөө, шахалтаар нэмүү өртөг, хөдөлмөрийн хөлс шингээгүй цаасан мөнгийг тонн тонноор нь, тэрбум тэрбумаар нь хэвлээд цацчихна. Үр дүн нь үнийн өсөлт, инфляци, зах зээлийн тогтворгүй, итгэлгүй байдал, зээлдэгчийн хөрөнгийн эрсдэл. Арилжааны банкуудын хувьд үнэн хэрэгтээ үүссэн эрсдэлээс хөрөнгөө хамгаалах хэрэгсэл нь зээлийн өндөр хүү болчихоод байна. Засгийн газар нь дотоод зах дээр өндөр (15-18) хувийн хүүтэй бонд гаргаж буй цагт арилжааны зээлийн хүү багасна гэсэн ойлголт ер байхгүй.

Эдийн засаг, мөнгө бол их эмзэг зүйл. Эмзэг зүйлтэй хүч хэрэглэж харьцах нь сөрөг үр дагавар ихтэй байдаг. Хөрөнгө, мөнгөний эзэд юуны түрүүнд өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах үйл хөдлөлийг хайж эхэлдэг. Ханшийн эрсдэлээс, үнэгүйдлийн эрсдэлээс хамгаалах үйлдлүүдийг хийж эхэлдэг. Үр дүн нь үйл ажиллагааны итгэлгүй, зогсонги байдал. Банк, санхүүгийн байгууллагын хувьд зээл олгох босго нөхцөл, шалгуураа өндөрсгөнө, зээл олголтоо багасгана. Төлөв байдал тодортол үйл ажиллагаагаа хумих, харзнах байдалд шилжинэ. Хөрөнгө оруулагчид, банк, санхүүгийн эзэд бүх эрсдэлийг цаг ямагт тооцож байдаг. Энэ талаараа тэд улстөрчдөөс хамаагүй илүү.

Зээлийн хүүг захиргааны аргаар биш зах зээлийн зарчмаар зохицуулах нь угтаа хамгийн зөв арга гэдгийг дэлхийн олон орны эдийн засагчид, улс төрчид хүлээн зөвшөөрч байна. Хэдийгээр өнгөрсөн зуунд зарим оронд зээлийн хүүд хязгаар тогтоох хууль гаргаж байсан боловч хүссэн үр дүндээ хүрч байсангүй. Харин зээл олгох ажиллагаа товчхондоо “Хуулиар хязгаарласан хүүгийн дээд хэмжээ + Банкны элдэв төрлийн хураамж + Авилга” гэсэн схемээр явагдсан байдаг.

Эдийн засгийнхаа бодит байдлаас зөрүүтэй, хуулийн хүчээр хязгаарласан “хөөрхөн хүү” араасаа авлигал төрүүлдэг аж. Хүүг хүчээр бууруулахаар зах зээл дээр хөрөнгө мөнгө олширдоггүй юм байна гэдгийг тэдгээр орны эрх баригчид ойлгосон байна. Хөрөнгө мөнгө хомс нийгэмд хувийн банкны зээлийн хүүтэй ноцолдоод эдийн засгийн суурь асуудлыг шийддэггүй гэнэ. Түүнчлэн хүний, өөрийн мөнгө аль болох элбэг, хүрэлцээтэй байвал хүү буурах нөхцөл бүрддэг болохыг хатуу ойлгожээ.

Энэ үүднээс тэд ажлын байр шинээр бий болгох үр нөлөөтэй арга бол төрийн татварын болон зээлийн бодлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж үзсэн байдаг. Энд улс төрийн болон хууль, эрх зүйн тогтвортой байдал тун чухал гэжээ. Гадаад зах зээлээс хөрөнгө мөнгө “татах, сорох бодлого” гэж нэлээд нарийн юм байна шүү, Таминь ээ.

Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжруулаад явбал алив зээлийн хүү аяндаа багасна. Улстөрчид ажлаа зөв хийвэл зээлийн хүү хөөрхөн буурнаа.

Өдгөө ийм зохистой орчин хараахан бүрдээгүй байна. Монголын эдийн засгийн бодлого цэгцгүй, заримдаа зарчимгүй, сэтгэлийн хөөрөл ихтэй байгаа нь нууц биш.

Манай банкуудын зээлийн хүүд төгрөгийн үнэгүйдэл, валютын ханшийн чангарал хүчтэй нөлөөлсөөр ирсэн. Монгол бол импортын гүнзгий хамааралтай улс. Валют олохоосоо илүү хэрэглэх нь илүү. Тиймээс ч бидэнд гадаад мөнгө байнга дутагддаг, үүнийг Монголын сүүлийн 100 жилийн түүх нотлодог. Өдгөө зах зээлийн нийгэмд гадаад валютын эрэлт хэрэгцээ улам өсөх боллоо.

Валютын байнгын хомсдолыг багасгах нэг арга нь гадаадын хувийн банкны салбарыг Монголд ажиллуулах явдал юм. Банкны салбарт шинэ тоглогчдыг оруулснаар өрсөлдөөн үүсэж үйлчилгээ сайжирч, өртөг хүүд нөлөөлж эхлэх нь дамжиггүй. Мэдээж энд, эх орны эдийн засгийн аюулгүй байдлын эрсдэлийг нарийн тооцсон эрх зүйн орчныг бүрдүүлэх нь тун чухал. Болгоомжлол, эрсдэлийг боловсруулалт, судалгаа сайтай, үйл явцын өрнөлийг урьдчилан ухаарсан хууль, эрх зүйн орчныг бий болгосноор даван туулж чадна. Түүнээс биш зүгээр л айгаад суугаад байвал юу ч бүтэхгүй.

Инфляцид дам болон шууд утгаар нөлөөлдөг валютын хомсдолыг багасгаснаар Монголын банкуудын зээлийн хүү буурах замдаа ормуй.

Доктор Р.БОЛД

2018. 05. 24

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж