Загварын театрчилсан тоглолт тайзнаа амилна

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Загварын театрчилсан тоглолт тайзнаа амилна

Энэ жил тохиож буй олон тэгш ойд зориулан “Монгол костюмс” төвөөс “Монголын нууц товчоо” нэртэй загварын театрчилсан тоглолтыг Улсын филармонийн концертын танхимд наймдугаар сарын 26-нд 18.00 цагт ганцхан удаа хүргэх гэж байна. Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд тус төвийн захирал энэ талаар мэдээлэл хийлээ. Аливаа загварын тоглолтууд топ моделиудаа онцолдог бол тэд энэ удаад тус төвийн авьяаслаг, супер моделиудыг оролцуулж, дизайнерын уран бүтээлийн санааг театрчилсан байдлаар үзүүлэхээр зэхжээ. Энэхүү загварын театрчилсан тоглолтдоо зориулан Хүннүгийн коллекциос гадна эртний улсуудын зориулж хийсэн Сяньби, Түрэг болон Богд хаан, Дондогдулам хатан, Сүхбаатар жанжин, Бодоо Данзан гээд 12 коллекци буюу 150-иад хувцасны шинэ загварыг бүтээсэн байна. Эдгээр загварууддаа судалгааны материал ашиглан дизайнеруудын уран сэтгэлгээ, гоёмсог шийдлийг тусган бүтээсэн гэнэ. Мөн уг загварын шоугаараа сүүлийн үеийн технологийн дэвшлийг харуулсан өвөрмөц тайз заслыг үзэгчдэд харуулахаар бэлтгэж байгаагаа дуулгалаа.

Сонирхуулахад, Гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа загварын театрчилсан тоглолтод өвөрмөц байдлаар ая дуугаа хүргэх юм байна. “Монголын нууц товчоо” загварын театрчилсан тоглолтын тасалбар 10 мянган төгрөг ба зөвхөн “Монгол костюмс” төвийн байранд худалдаалж байгаа аж. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү загварын театрчилсан  тоглолтыг хоёр жилд нэг удаа хийж байхаар төлөвлөөд байгаа гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж