Малын хулгайн арга нарийсчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Малын хулгайн арга нарийсчээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны  гишүүд өнөөдөр Малын хулгайн гэмт хэрэгтэй  тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй газар дээр нь  танилцлаа.
 УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Чойжилсүрэн нар ЦЕГ-ын удирдлага, Эрүүгийн цагдаагийн газрын малын хулгайтай тэмцэх тасаг, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн удирдлага, холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцсон юм. Мөн Налайх, Сонгинохайрхан дүүрэгт байдаг малын гаралтай түүхий эд борлуулах цэгүүд болон Хүчит шонхор захын үйл ажиллагаатай танилцав.
Сүүлийн таван жилийн тоон судалгаанаас үзэхэд мал хулгайлах гэмт хэрэг буурсан эерэг үзүүлэлттэй байгаа боловч энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа арга нь улам нарийсч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын өмчид учруулж байгаа хохирлын хэмжээ хэд дахин өсчээ. Гэмт этгээдүүд тээврийн хэрэгсэл, галт зэвсэг, харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж, урьдчилан үгсэн тохиролцож нарийн зохион байгуулалттайгаар мал бэлчээрлэх цаг хугацаа, хариулга маллагаагүй үеийг судалж гэмт хэрэг үйлдэж байгаа нь илрүүлсэн хэргүүдээс харагдаж байгаа талаар ЭЦГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн  дарга Ө.Энхтөр гишүүдэд мэдээлж байв.
Энэ оны эхний улиралд бүртгэгдсэн малын хулгайн хэргийн гаралт болон сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээр Архангай, Дорнод, Төв, Увс, Хэнтий аймгууд, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт харьцангуй өндөр байгаа аж. Гэмт хэргийн нөхцөл байдлаас харахад зохион байгуулалттай бүлэглэн үйлдэх нь давамгайлж байгаа ч үйлдсэн   хэргээ хүлээхдээ ганцаараа үйлдсэн хэмээн хэрэг хүлээх тохиолдол элбэг байгаа  нь ялын бодлоготой холбоотой гэнэ. Хэрэв бүлгээр үйлдсэн гэж тогтоогдвод доод тал нь таван жилийн хорих ял эдэлдэг бөгөөд  харин ганцаараа үйлдсэн гэж тогтоогдвол ял хөнгөрч зургаан сар хүртэл хөөн хэлэлцэх хугацаатай тул хэрэг хийсэн этгээдүүд аль болох хэргээ дангаараа хүлээх зорилго агуулдгаас зарим хэрэг шийдэгдэхгүй он дамнан хүлээгддэг талаар ч цагдаагийн удирдлагууд  ярьж байв.  Малыг хулгайлахдаа борлуулах, ашиг олох зорилгоос гадна өндөр үүлдрийн ашиг шимтэй, хурдны  морьдыг зүүнээс баруун аймгуудад борлуулах сүлжээ эрс идэвхжиж байгаа гэнэ. Хүчит шонхор захад нийлүүлж байгаа мах гэхэд Архангай, Хэнтий аймгаас ирж байгаа судалгаа бий аж.
Мал хулгайлахдаа бэлчээрт байгаа малыг шөнийн цагаар гэрэл тусган галт зэвсэг хэрэглэн бууддаг талаар цагдаагийн ажилтан баримт түшин хэллээ. Урьд нь малыг
бөөнөөр нь хулгайлдаг байсан бол өнөөдөр ганц нэгээр нь хулгайлах хандлага давамгайлж, нийслэл рүү ачиж орж ирэхдээ хүртэл том оврын машинд бус суудлын тэргээр зөөдөг болсон байна. Цагдаагийн байгууллагаас энэ гэмт хэргийг бууруулахын тулд малын гарал үүслийн гэрчилгээ болон шалган нэвтрүүлэх товчоод, төвлөрсөн захуудын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг боловсронгуй болгох, малын хулгайтай тэмцэх цагдаагийн  хэлтэс тасгуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, тус бүтцийг ЦЕГ-ын төв аппаратад бий болгох, алдуул болон хулгайлагдсан малын бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим лавлах, үнэ төлбөргүй утасны тусгай дугаар бий болгох, мэдээлэл өгсөн хүмүүсийг урамшуулах журмыг шинэчлэн боловсруулах шаардлагатай байгааг Ө.Энхтөр дарга  гишүүдэд уламжиллаа.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Биокомбинат дахь цагдаагийн тасаг малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр иргэдийн оролцоотой ажиллаж байгаагаа танилцуулав.
Энэ хэсэг нь урдуураа Төв аймагтай, баруун талаараа Алтанбулаг сумтай хил залгадаг, 722 өрхийн 32510 малтай. Мал тууврын гол зам дагуу байрладаг отрын зам газар юм байна.  Мөн уяачдын суурьшлын бүс нутаг аж. 2005 оноос мал бүхий иргэдийн санаачлагаар ‘’Иргэд-малчдын  холбоо’’ байгуулан ажилласнаас хойш малын хулгай илт буурч, жилд ийм төрлийн хэрэг 20 орчим гардаг байсан бол хоёр болсон мэдээг Биокомбинат дахь цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа О.Баатарцогт УИХ-ын гишүүдэд танилцуулав. Малчид цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, иргэд малаа хамтын хүчээр ээлжлэн хариулж, малын зүс, им тамганы нэгдсэн бүртгэлтэй болж, гэмт хэрэг үйлдэж болзошгүй сэжигтэй хүмүүсийн үйл хөдөлгөөн,  хамсаатныг судалж, хяналтыг өндөржүүлснээс гадна хэний мал хаашаа бэлчиж, хэзээ ирдэг,  нутаг орныг дайран өнгөрч байгаа болон орогнож байгаа хүмүүсийн үйл хөдөлгөөнийг ажиглаж мэдээлэх,  морин эргүүлээр ажилласан  зэрэг нь малын хулгайг таслан зогсоох гол хөшүүрэг болжээ.
Байнгын хороод энэ маягаар хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцдаг болох ажээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж