АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх зургаадугаар сарын 12-нд Сингапурт товлогдсон АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг цуцаллаа. Цагаан ордны тэргүүний энэхүү шийдвэр нь Хойд Солонгосын дайсагнасан харилцаанд үндэслэн гаргасан гэжээ. Энэ тухайгаа Цагаан ордон Хойд Солонгост захидлаар мэдэгдсэн байна. Харин АНУ-ын Төрийн тэргүүн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Трампын энэхүү мэдэгдэл нь БНАСАУ-ын цөмийн туршилтын талбай болох Пунггериг идэвхгүй болгосноос хэдхэн цагийн дараа олон нийтэд ил болсон юм.
Sadly, I was forced to cancel the Summit Meeting in Singapore with Kim Jong Un. pic.twitter.com/rLwXxBxFKx
— Donald J. Trump (@realDonaldTrump) May 24, 2018
АНУ – БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт цуцлагдсан нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Инд хүнд цохилт болов. Учир нь, тэрбээр энэхүү дээд хэмжээний уулзалт биеллээ олоосой гэж хүсч, идэвхтэй ажиллаж байсан билээ. Мун Жэ Ин Трамп болон Ким Жон Уны уулзалт цуцлагдсанд харамсч буйгаа илэрхийлээд хэзээ нэгэн цагт дахин уулзах завшаан тохионо гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ асуудлаар мэдэгдэхдээ, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал зөвхөн тус улсын асуудал биш энэ бол бүс нутаг, дэлхийн дахинд тулгамдсан асуудал тул талуудад дахин уулзах завшаан тохионо гэж найдаж буйгаа илэрхийлэв.
Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео АНУ ирэх зургаадугаар сарын 12-нд товлогдсон дээд хэмжээний уулзалтын талаар Хойд Солонгост санал хүргүүлсэн. Бид энэ саналын хариуг аваагүй байна хэмээн мэдэгдэв.
Харин Трампын мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө Хойд Солонгосын Гадаад хэргийн сайдын орлогч Чхве Сон Хи мэдэгдэхдээ, АНУ-ын талаас байр сууриа тодорхой илэрхийлээгүй тул энэ асуудал эргэлзээ төрүүлж эхэлсэн. Хоёр талын уулзалт боллоо гэхэд АНУ-ын байр суурь, шийдвэрээс ихээхэн хамааралтай болох байсан гэв.
Хойд Солонгосын дипломатын хийсэн энэхүү мэдэгдэлд, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс дургүйцлээ илэрхийлэв. Тэрбээр Fox news телевизэд өгсөн ярилцлагадаа, бид АНУ, БНАСАУ-ын асуудлыг шийдвэрлэхэд хэзээ ч цэрэг, зэвсгийн хувилбарыг ашиглаж байгаагүй гэв.
Энэ мэтчилэн хоёр тал өөр өөр байр суурьтай байгаагаас болоод өнөөдөр АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт цуцлагдлаа гэж шинжээчид дүгнэжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, энэ алхам АНУ-ын нэр хүндэд хүнд цохилт болж байна. Вашингтон Пеньянд шахалт үзүүлж чадахгүйгээс болоод хэлэлцээнээс татгалзаж байна гэж харагдаж байна. Ким Жон Ун тийм ч амархан цөмийн зэвсгээсээ татгалзах хүн биш гэв.
АНУ Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь татгалзуулахаас гадна үй олноор нь устгах бүхий л зэвсгээс татгалзахыг уриалсан. Энэ нь яг Ираныг санагдуулж байна гэж шинжээчид дүгнэв. Учир нь, АНУ ямар ч тохиолдолд Хойд Солонгосоос химийн зэвсэг хайсаар байх болно. Үүн дээрээ үндэслэн тэд Хойд Солонгост шахалт үзүүлсэн хэвээр байх болно гэв.
Харин Хойд Солонгосын зүгээс Солонгосын хойгийг бүхэлд нь цөмийн зэвсгээс ангид байлгах шаардлага тавьж буй. Ингэхдээ АНУ-ын Хойд Солонгост үзүүлсэн бүх хоригоо цуцлах, аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх, Солонгосын хойг дахь цэрэг зэвсгээ татах зэргээр дипломатын бүх түвшинд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв. Үүнээс гадна энэ үйл явц алхам алхмаар, ээлж дараатайгаар хийгдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ.
АНУ, БНАСАУ анх удаа дээд хэмжээний уулзалт хийх гээд цуцлагдаж байгаа бус. Өмнө нь хэд хэдэн удаа хоёр талын тэргүүн нар уулзахыг оролдож байсан. Харамсалтай нь АНУ-ын удирдагчид амлалтаа биелүүлэхээс татгалзаж байсан тул энэ уулзалт өнөөдрийг хүртэл биеллээ олохгүй явсаар байна. Иймээс Пеньян Трамп Цагаан ордныг орхисны дараагаар түүх давтагдах боломжтой гэж болгоомжилсон ажээ.
Трампаас гадна Цагаан ордны бусад төлөөлөгчид хэд хэдэн удаа хэлэлцээ цуцлагдах боломжтой талаар мэдэгдэж байсан юм. Тодруулбал, тавдугаар сарын 23-нд АНУ-ын Ерөнхийлөгч сэтгүүлчдэд ирэх долоо хоногт дээд хэмжээний уулзалт болох эсэхийг мэдэгдэнэ гэж байсан.
Шинжээчдийн хэлж буйгаар, АНУ-ын удирдагч дээд хэмжээний уулзалтын хувьд анхнаасаа болгоомжилж байсан. Хойд Солонгосын талаас ямар нэгэн алхам хийгээгүй байхад дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах нь нийгэм болон сөрөг хүчний шүүмжлэлд өртөж, ялагдах болно гэж харж байсан. Иймээс дээд хэмжээний уулзалтыг цуцлах эсвэл дараа тохиромжтой өдөр товлох нь үр дүнгүй уулзалтаас илүүтэй ялалт байх болно гэж үзэв.
Үүнээс гадна, Жон Болтон мэтийн зөвлөхүүд Трампын хажууд байснаар энэ уулзалт анхнаасаа бүтэлгүйдэхийн дохио байсан гэж шинжээчид харж байна. Учир нь, Жон Болтоныг Жорж Буш ерөнхийлөгчийн үед Хойд Солонгостой хийх уулзалт цуцлагдахад нөлөөлсөн гэж үздэг ажээ.
Трампын энэхүү мэдэгдлийн дараагаар хоёр талын харилцаа муудаж, зөрчилдөөн улам нэмэгдэх эрсдэлтэй. Тодруулбал, Хойд Солонгос улс Номхон далайн хаа нэгтээ агаар мандалд цөмийн дэлбэрэлт хийхээр төлөвлөөд байгаа ажээ.