"Би ямар буруу зүйл хийсэн юм бэ?"

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

"Би ямар буруу зүйл хийсэн юм бэ?"

"Би ямар буруу зүйл хийсэн юм бэ?"

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэд намын нөхөд нь хариуцлага тооцох яриа өрнөж эхэлсэн. Харин С.Эрдэнэ энэ талаар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.


-Ардчилсан намын гишүүд танд хариуцлага тооцно гэх яриа сонсогдож эхэллээ. Та үүнд хариулт өгөхгүй юу?

Наад яриа чинь улс төрийн явуулга. Намайг яасан гэж хариуцлага тооцох гэж байгаа юм. Би ямар буруу зүйл хийсэн юм бэ. Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд хууль зөрчөөгүй бол хариуцлага тооцох ямар ч боломж байхгүй. Хоёрдугаарт, Ардчилсан нам даргынхаа асуудлыг үе үе гаргаж тавьдаг байсан. Үүнийг болиулах гэж бүх гишүүдээс намын дарга сонгосон. Хэсэг бүлэг хүмүүсийн явуулгаар намын даргын асуудал ярьдаг үндсэн дүрмийн заалт одоо байхгүй болсон. Хэрэв асуудал ярих гэж байгаа бол нийт намын гишүүдээс санал асуух замаар шийдэж болно.

-Та өөрийнхөө тойрон хүрээлэгчдийн дунд “вакуум” байдалд орчихсон, Үндэсний бодлогын хорооны гишүүдийг өөртөө хамаарал бүхий хүмүүсээр сольсон гэх мэт шалтгааныг дурдах юм бол хариуцлага хүлээлгэх үндэслэл биш үү?

Үндэсний бодлогын хорооны гишүүдийг би сонгодоггүй. Энэ хорооны гишүүдийг тухайн аймаг дүүргийн гишүүд сонгож байгаа. Ийм нөхцөлд ярих үндэслэл байхгүй. Хоёрдугаарт, намайг тойрон хүрээлнэ гэж юу байсан юм бэ. Би ямар төрийн алба хашиж байгаа биш. Намын дарга гэдэг чинь намын ажил. Намын гишүүдээрээ л баг бүрдүүлнэ. Өөр яах юм бэ.

-Ардчилсан намын дотоод уур амьсгал ямар байна вэ. Фракцуудаас салсан гэж байгаа ч таныг намын даргаас чөлөөлөх асуудал яригдаж байгаа нь нөгөө л фракцуудын “хор” гүйж байгаа хэрэг биш гэж үү?

Ардчилсан намын рейтинг улс төрийн намууд дотроо маш сайн байгаа. Ийм нөхцөл байдал зарим нэг улстөрч, зарим нэг намд таалагдахгүй байж магадгүй. Та нар нотлох баримттай ярих хэрэгтэй. Өнөөдөр би үндсэн дүрэм зөрчсөн ямар ч үйлдэл хийгээгүй. Монгол Улсын хууль дүрэм зөрчсөн ямар ч асуудал гаргаагүй. Ямар үндэслэлээр, ямар нотлох баримтаар асуудал яриад байгаа юм бэ. Шар хар мэдээг үндэслэж байгаа бол явуулгад битгий авт гэж хэлмээр байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж