МАХН-ын дарга н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар “Зууны мэдээ үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлаар дамжуулж МАХН ээлжит бус чуулган зарлах гэж байгаагаа мэдэгдэв.
Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН ээлжит их чуулганаа хийсэн. Чуулганаар баталсан шинэ дүрмээ бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан боловч бүртгээгүй. Шүүх бол манай намыг зориудаар хавчин гадуурхах, манай намын гишүүдэд онцгой хатуу хандах явдал үргэлжилсээр байна. Гэхдээ үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэсэн сайхан үг бий. Нэгэнт шүүх ийм нөхцөл бий болгож байгаа бол бид энэ гажуудлыг засч залруулахын төлөө ажиллах болно. Намын дарга ээлжит бус чуулганыг зарлах бүрэн эрхтэй. Энэ эрхээ эдэлж, ээлжит бус Их чуулганаа зарлаж байна. Их чуулганыг долдугаар сарын 7-ны өдөр болно. Чуулганы бэлтгэл ажлыг Бага чуулганаар бэлдэх ёстой учраас тавдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод хийнэ” гэв.