"Харанга“ 30 жилийн өмнөх шигээ тоглохыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

"Харанга“ 30 жилийн өмнөх шигээ тоглохыг хүсч байна

"Харанга“ 30 жилийн өмнөх шигээ тоглохыг хүсч байна

Монголын анхны рок хамтлаг ирэх онд 30 нас хүрэх гэж байна. 1989 онд Улсын драмын театрын дэргэд “Харанга” хамтлаг анх үүсэн байгуулагдаж, 12 дуунаас бүрдсэн “Амьдрал” тоглолтоо хийж байжээ. Тухайн үед Соёлын яамны хурлаар “Хар савхи, төмөр гинж болсон энэ нөхдүүд юу дуулдаг юм” хэмээн олон хүн зэмлэж байжээ. ‘Харанга’ хамтлаг ирэх зургадугаар сарын 8-9-ний өдрүүдэд “Хайрла” тоглолтоо хүргэх гэж байна.

Ингээд “Харанга” хамтлагийн бөмбөрчин, цохилуур хөгжимчин Н.Пүрэвдаштай цөөн хором ярилцлаа.

-“Хайрла …” тоглолтын бэлтгэл хэр явж байна вэ?

-Тоглолтын бэлтгэл дажгүй байна. Бид анх тоглож байсан тэр үеийнхээ бүх зүйлийг тоглож байна. Хамтлаг байгуулагдаад 30 жил болчихлоо. Энэ удаагийн тоглолтод 28-30 дуу дуулна. Тоглолтын дундуур хүүхдийн найрал дуу дуулагдана.

Бидний нэг мөрөөдөл байдаг юм аа. 50 нас хүртлээ тоглож байсан. Одоо 60 нас хүрч байна. Гэтэл дахиад тоглох гээд бэлтгэлдээ орчихлоо. 10 жилийн дараа 70 хүрчээд тоглоно гэж бодох л байхдаа. (инээв)

-Хамгийн анхны тоглолтынхоо талаар эргээд дурсахгүй юу?

-1989 онд анх “Амьдрал” тоглолтыг хийж байсан. Тухайн үед Монголд хүнд рок хамтлаг бий болж байгаа түүхийг бичиж байлаа. Өөрсдийнхөө хүсэл мөрөөдлөөр жигүүрлээд тоглосоор байна. Бид хүсэл мөрөөдөлдөө үнэнч байсан учраас энэ он жилүүдийг хамтдаа туулсан. Зорилго байхгүй бол таван айлын таван хүү нэг хамтлаг болж хэзээ ч нэгдэхгүй шүү дээ. Биднийг нэгтгэж байгаа зүйл бол зорилго. Бид олон жил тоглосон байна. Энэ удаагийн тоглолт бол хамтлаг байгуулагдсаны 30 жилийн ойг угтан хийж байгаа. Сэтгэл өөдрөг, урмаар тэтгэгдэж бэлтгэлээ хийж байна даа. Бид хүсэл мөрөөдөлдөө үнэнч байсан учраас энэ он жилүүдийг хамтдаа туулжээ. Эцсийн эцэст энэ бүхэн нэгдэж, цаашлаад хайр болж байна.  

-Хүсэл мөрөөдөлдөө үнэнч яваад 30 жилийг үдсэн байна. Ойг угтан тоглолтоо хийх гээд сэтгэл догдолж байгаа байх. Энэ мэдрэмжээсээ хуваалцаач?

-Ер нь хөгжимчин хүн шиг тоглоё гэж бодож байна. Яг өөрийнхөө үүргийг биелүүлээд 60 нас хүрчихлээ. Миний насны хүн өнөөдөр ингээд тоглоод байна уу гэдэг асуудал байна. Энэ болгоныг хойш нь тавиад бүх зүйлээ үзүүлье гэж бодлоо. Сүүлийн долоо хоног бэлтгэлд ирэхдээ алхаж ирлээ. Миний насныхан рок тоглоод явж байна гэдэг нь эргэлзээтэй. Урлаг бол хүнийг үргэлж цэл залуухан сэтгэлгээтэй байлгадаг юм байна. Хэрвээ нэг нэгнийг гомдоосон бол энэ тоглолтоороо дамжуулан уучлалт гуйж гэнэтийн бэлэг барих боломжтой. Дэргэд байгаа нэг нэгнээ хайрлаж амьдаръя.  

-Энэ онд гадаадын үзэгч, фэнүүддээ зориулан аялан тоглолт хийх үү?

-Төлөвлөсөн ажлууд их байгаа. Өвөрмонголын үзэгч түмэндээ тоглолтоороо бэлэг барина. Мөн Европын орнуудад тоглох төлөвлөгөө байгаа. Бид 2019 онд болох 30 жилийн ойн өмнө олон зүйлийг хийхээр төлөвлөсөн.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж