Манай гаригийн шайбатай хоккейн хамгийн нэр хүнд бүхий Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (NHL)-н 2017-2018 оны стэнлийн цомын төлөөх тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Өрнөд бүсээс лигийн шинэ цэрэг Вегас Голден Найтс баг шалгарсан бол Дорнод бүсээс Вашингтон Капиталс шалгарлаа. Вашингтон Капиталс стэнлийн цомын хагас шигшээ буюу бүсийн аваргын төлөө Тампа Бэй Лайтнинг багтай цуврал 7 тоглолт хийж 4-3 харьцаатай ялалт байгуулснаар аваргын төлөө шалгарч үлдлээ.
Өнөө өглөө болсон тоглолтонд зочин багаар тоглосон Вашингтон Капиталсаас А.Овечкин эхний гоолыг оруулсан бол энэ плэй-оффын турш чимээгүй байсан залуу тоглогч А.Бураковский дубль хийж хэрэгтэй үед “цоорлоо”. Харин тоглолтын 4 дэх гоолыг Вашингтон Капиталс багийн дэд ахлагч А.Бёкстрём хоосон хаалганд багийнхаа хожлыг баталгаажуулсан гоолыг оруулснаар нийслэлийн баг ялалт байгуулсан. Энэ цувралын сүүлийн 2 тоглолтод Вашингтон Капиталс багийн хаалгач Б.Холтбюг онцлох хэрэгтэй. Үнэхээр гайхалтай байсан бөгөөд өнөөдөр 29 цохилтыг аюулгүй болгож хаалгаа найдвартай манасан. Ийнхүү Вашингтон Капиталс баг сүүлийн 20 жилд анх удаагаа бүсийн аваргаар шалгарч байгаа бол багийн ахлагч А.Овечкин карьертаа анх удаагаа стэнлийн цомын төлөө өрсөлдөх эрхтэй болж байна.
Эхлээд цэнхэр хүрэмтэй залуусыг, дараа нь сүүлийн 2 жилийн босоо аваргуудыг буулгаж аваад бүсийн аваргын төлөө аяганы ниргэлтийг зогсоож чадлаа. Одоо тэд стэнлийн цомыг хүртэхийн тулд Вегасын хөлөг баатруудтай тулалдана.
Б.БЯМБАБАЯР