Нарны цахилгаан станцын 29 тусгай зөвшөөрөл байна

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

Нарны цахилгаан станцын 29 тусгай зөвшөөрөл байна

Нарны цахилгаан станцын 29 тусгай зөвшөөрөл байна

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум өнөөдөр /2018.05.24/ Корпорейт зочид буудлын хурлын танхимд болж байна. Эрчим хүчний яам, сэргээдэх эрчим хүчний ассоциаци, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн холбоо хамтран тус форумыг зохион байгуулж байна. Тус форум энэ жил ес дэх удаагаа болж байгаа бөгөөд төр, хувийн хэвшлийн нийт 170 гаруй байгууллагын 600 гаруй төлөөлөгчид оролцож, 13 илтгэлийг хэлэлцүүлж байна.

Монгол Улсын хэмжээнд 2017 оны байдлаар нийт эрчим хүчний 4,2 хувь буюу 262,2 сая кВт.ц цахилгаан эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэжээ. Сэргээгдэх эрчим хүчний хууль 2007 онд батлагдсан байна. Үүнээс хойш хувийн хэвшлийн хөрөнгөөр 2013 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 МВт-ын салхин станц, 2017 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 10 МВт-ын нарны цахилгаан станц, мөн онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 50 МВт-ын салхин цахилгаан станц, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 10 МВт-ын нарны станцыг тус тус ашиглалтад оруулаад байгаа юм байна.

Энэ удаагийн форумаар сэргээгдэх эрчим хүчний хуулийг илүү боловсронгуй болгох, Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлуудын талаар дэлгэрэнгүй хэлэлцэх юм байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А. Тлейхан “Сэргээгдэх эрчим хүчний форум жил болгон болдог. Гадаадын олон орноос хүмүүс ирж оролцдог. Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой бүх байгууллагууд өнөөдрийн форумд оролцож байна. Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлуудын талаар ярьдаг юм. Энэ жил сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хөгжүүлэх тал дээр их яригдаж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хөгжүүлэх, хүлэмжийн хийг 14 хувиар бууруулна гэсэн зорилтот хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Нөгөө талд эрчим хүчийг хэмнэх тал дээр ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчийг Монголд хөгжүүлэхэд боломж бас хязгаарлагдмал байгаа. Яагаад гэвэл манай хэрэглээ зах зээл бага байна. Манай улсын цахилгааны нийт хүчин чадал 1293 МВт байдаг. Энэ жилийн хамгийн их ачаалал маань 1081 МВт хүрсэн байгаа. Өнөөдрийн байдлаар Монголын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нарын хоёр, салхины хоёр 4 их үүсвэрээс 120 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан авч байна. Энэ нь нийт суурилагдсан хүчин чадлын 12% болж байна. Цаашдаа төрийн бодлогын хүрээнд 2020 онд нийт суурилагдсан чадлын 20% хүргэнэ. 2030 онд 30% хүргэнэ гэсэн томоохон зорилт тавин ажиллаж байна” гэв.

-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал байна уу?

-Бидэнд тулгамдсан хоёр асуудал гарч байна. Нэгдүгээрх нь нарны цахилгаан станц барина гэсэн 29 тусгай зөвшөөрөл байна. Нийт чадал нь 700 МВт, салхин станцын 5 тусгай зөвшөөрөл байна. 500 МВт-ын хүчин чадал бий болгоно гэсэн. Энэ нь нийлээд 1200 МВт цахилгаан гаргана гээд байгаа юм. Энэ нь өөрөөр хэлбэл Монголын бүх хэрэглээг нар, салхиар хангах боломжтой харагдаж байна. Гэхдээ бодоход болох боловч амьдрал дээр болохгүй байгаа юм. Яагаад гэвэл бидэнд тогтвортой цахилгаан хэрэгтэй. Наргүй бол цахилгаангүй, салхигүй болбол цахилгаангүй болох учраас тогтвортой байлгах үүднээс 20%, 30% гэж хязгаарлаж байгаа нь тэр юм. Тийм учраас нар салхины цахилгаан станцаас 245 МВт цахилгаан авна гэж тооцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар 120 МВт эрчим хүч нь бий болчихсон. Одоо дахиад тэр орчим эрчим хүч сэргээгдэх эрчим хүчнээс аваад хязгаарлаж байгаа юм. Хоёр дах нь цахилгааны үнэ өсөх хандлагатай байна. Цахилгааны нэг ктв-ын дундаж үнэ 135 төгрөг байгаа гэтэл нарны цахилгаан станцын нэг ктв нь 420 төгрөг байна. Салхиных 230 төгрөг байна. Цаашдаа нэмэгдэх хандлагатай байна. Хуулиа өөрчлөх шаардлага байна. Өөрөөр хэлбэ,л дэмжих тарифаа өөрчилж өрсөлдөөний тариф рүү шилжих хэрэгтэй юм.

-Энэ жилийн форумын онцлог?

-Энэ жилийн онцлог нь сэргээгдэх эрчим хүчний хөгжүүлэх явцад гарсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрж хайснаараа онцлогтой болж байна. Мөн наймдугаар сард Солонгос улстай хамтарсан том форум зохион байгуулна. Олон улсын хэмжээний үйл ажиллагаа болох юм.

-Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл цаашдаа хэр өсөх бол?

-Энэ онд Дорноговь аймгийн төв Сайншандад 50 МВт-ын хүчин чадал бүхий салхин станц ашиглалтад орох гэж байна. Ер нь нийтдээ 3 салхин станц бий болж байна. Хоёр нь 50 МВт, нэг нь 55 МВт байна. Мөн энэ онд гурван нарны цахилгаан станц ашиглалтад орно. 15 МВт-ын хоёр, 10 МВт-ын нэг байх юм.

Н.Ганбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж