“Бие засмаар байсан ч хичээл тартал тэвчдэг байсан”

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

“Бие засмаар байсан ч хичээл тартал тэвчдэг байсан”

“Бие засмаар байсан ч хичээл тартал тэвчдэг байсан”

Түүнийг С.Золзаяа гэдэг. Тэр 28 настай. Сэтгүүлч болохыг мөрөөддөг.  Гэвч Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэний боловсролын асуудлыг төр засаг төдийлөн анхаардаггүй нь түүнийг сургуульд сурах мөрөөдлийг хязгаарлажээ. Түүнд олон бэрхшээл байгаа ч, хүсэл мөрөөдлөө орхилгүй, хэзээ нэгэн цагт сэтгүүлч мэргэжилтэй болно гэсэн гэгээн мөрөөдлөө тээсээр л явна.

Тэрбээр хүүхэд байхдаа бусдын адил сургуульд сурахыг хүссэн ч ясны сийрэгжилтээс болоод өсөлт нь зогсч, тэргэнцэртэй явах болжээ. Тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй охиныг сургах сургууль олдсонгүй. Ингээд 11 настайдаа “Хүүхдийн гэр” хэмээх хувийн сургуульд оржээ.  Тэнд бага боловсрол олгодог тул IV ангиа төгсөөд өөр сургууль хайсан ч олдоогүй гэнэ. Ингээд өөрийн эрхгүй  анги завсардсан байна. Бүтэн жил анги завсардсан түүнд танилынхаа тусламжаар 76 дугаар сургуулийн VI ангид сурах ганц боломж олджээ. Ямартай ч сургуульд орсондоо учиргүй баярлаж явсан түүнд олон асуудал өмнө нь угтжээ. Сургуульд нь тэргэнцэртэй хүүхдэд зориулсан налуу шат байхгүй. Дээр нь  00-ийн асуудлаас эхлээд хичээл хоцрогдол, мөн олон хүүхдийн сонжсон, шоолсон харц гээд бэрхшээлийн өмнө тэр бууж өгөхөд хүрсэн байна.

Хэдий бие засмаар байсан ч хичээл тарж, гэртээ очих хүртлээ тэвчдэг байсан тухайгаа Золоо хуучлав. Мөрөөдлийнхөө төлөө арай гэж нэг жил тэвчсэний эцэст

Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүн суралцах ямар ч боломжгүй гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрснээ ярьж сууна. Тэрбээр дахиад сургуульд сураагүй ч, сэтгүүлч болох мөрөөдлөө орхисонгүй. Нийгэмд болж байгаа үйл явдал, өөрийн амьдралд тохиолдож буй үй түмэн асуудал, сонирхолтой зүйлсийг тэмдэглэлийн дэвтэртээ бичих дуртай.

ТУСГАЙ БОЛОВСРОЛЫН БАГШИЙН АНГИД 61 ОЮУТАН СУРЧ БАЙНА

Энэ бол ганцхан Золоод тохиолдож буй бэрхшээл биш. Монголын олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр ийм зовлон туулж яваа. Өнөөдөр Монголд 103300 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг гэсэн статистик мэдээ бий. Тэднийг сургах сургууль Монголд хэр олон бэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургах багш нар хангалттай юу. Энэ асуултад МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхмийн эрхлэгч Г.Батцэнгэлээс хариулт авлаа.

-Тусгай хэрэгцээт боловсролын багшийг танай сургууль сургаж, төсгөдөг. Одоогоор хэчнээн багш танай сургуульд сурч төгссөн бэ?

-Тусгай хэрэгцээт боловсролын тэнхмийг 2017 онд байгуулсан. Тус тэнхим нь тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай байгаа хүмүүст  хичээл заах багш бэлддэг. МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын багшийг нэг жилийн хөрвөх сургалтаар бэлтгэх ажил 2013 оноос эхэлсэн.  Өнгөрсөн таван жилийн хугацаанд тусгай боловсролын салбарт ажиллаж байгаа 93 хүнийг бэлтгэсэн байна. Эдгээр хүмүүс нь иргэний нийгмийн байгууллага болон тусгай боловсролын сургуульд ажиллаж байна. МУБИС нь 2015 оноос эхлэн элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа сурагчдаас шалгаруулж, тусгай боловсролын багшийн ангид элсүүлж байгаа. Одоогоор I, II, III дамжааны 61 оюутан бий. Эдгээр оюутан нь жилийн дараа сургуулиа төгсөөд, тусгай боловсролын сургууль, төрийн бус байгууллагад ажиллах боломжтой болно. Бид орон нутагт, тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдэд үйлчлэх ажилтан бас бэлдэж байгаа.

-Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургадаг хэчнээн сургууль байна вэ?

-Нийслэлд оюуны бэрхшээлтэй дөрвөн тусгай сургууль бий. Харааны  бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан нэг, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн нэг сургууль бий. Харин 186, болон X гэсэн хоёр цэцэрлэг бий.  Улаанбаатар болон орон нутагт тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээ үзүүлж буй тусгай бүлгүүд байдаг. Тухайлбал, Архангай, Дархан, Эрдэнэтэд байдаг. Энэ бүлгүүд олон улсын санхүүжилтээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН 50 ХУВЬ НЬ СУРГУУЛЬД ОРДОГ

Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэний боловсролын асуудал үргэлж орхигдож байдаг. Энэ асуудлын талаар “Түгээмэл хөгжил төв”-ийн гүйцэтгэх захирал Я.Авирмэдээс тодрууллаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд байдаг. Үүний хэд нь сургуульд хамрагдаж байна вэ?

-Энэ талаарх тоог гаргахад хүндрэлтэй байдаг. Бага насандаа хөгжлийн бэрхшээлтэй болсон, эсвэл төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 50 хувь нь сургуульд ордог гэсэн барагцаалсан тоо бий. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 50 хүрэхгүй хувь нь бага боловсрол эзэмшдэг гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхэд тутмын нэг нь сургуульд ордог ч анги ахих тусам олон бэрхшээлтэй тулгарч, сургуулиа орхиж, анги завсарддаг.

-Монголд хүүхдүүдийг тэгш хамран сургах асуудал орхигдож байна. Таны бодлоор үүнийг хэрхэн зохицуулбал зохимжтой вэ?

-Тэгш хамран сургах гэдэг нь, ердийн сургуульд  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхэдтэй зэрэгцэж суугаад суралцах боломж олгохыг хэлнэ. Оршин суугаа хаягийнхаа харъяа сургуульд хөгжлийн бэрхшээлтэй гэдгээсээ үл хамааран сурах боломжоор хангах ёстой. Тэгш хамран сургах асуудал дэлхийн хэмжээнд яригдаад 40-өөд жил болж байна. Монголд энэ тухай яригдаад 20-иод жил болжээ. Дэлхий нийтэд хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгалгүйгээр тэгш хамруулан сургая гэж ярих болсон. Монголд энэ хандлагыг хөгжүүлэх гээд явж байна. Монголд тэгш хамран сургах, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг бусадтай адил боловсролд хамруулах асуудал бодлогын хэмжээнд учир дутагдалтай байна. УИХ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ) энэ тал дээр маш сайн анхаарахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд боловсролд хамрагдахад үнэхээр хүндрэлтэй, бэрхшээлтэй байдаг.

-Тэгэхээр төр засгаас ямар бодлого, зохицуулалт хийх ёстой вэ?

УИХ-аас 2017 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар хоёр тогтоол, мөн БСШУСЯ-ны тушаал гарсан байдаг. Эндээс харахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө юм хийгээд байгаа мэт харагддаг. Гэвч зөвхөн уламжлалт арга болсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах тусгай сургалт, сургууль, цэцэрлэгийг хөгжүүлэхэд чиглээд байна. Дэлхий нийтээр энэ зарчмаар ажиллавал амжилтад хүрэхгүй гэж үзээд, тэгш хамран сургах тогтолцоо руу шилжиж байна.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд биеэ зөв авч явдаг, мөн зөв иргэн болон төлөвших болно. Манайд тэгш хамран сургах тогтолцоо руу чиглэсэн ажил, бодлого алга. Хөгжлийн бэрхшээлтэй хүн рүү чиглэсэн үндэсний хөтөлбөр бий. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролд хэрхэн хамруулах тухай асуудал орхигдсон байдаг. Энэ нь тэгш хамран сургах хөтөлбөр, төлөвлөгөө байхгүй байгаатай холбоотой.  

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж