Н.Давааг батлан даалтад гаргахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Н.Давааг батлан даалтад гаргахыг хүсэв

“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гшишүүн Ц.Мөнхбаяр, Д.Болдбаатар, М.Баатархуяг, Ц.Энхбаяр нар өнөөдөр дөрвөн асуудлаар мэдээлэл хийлээ. Үүнд, тус холбооны дэд тэргүүн Н.Даваагийн  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах, “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн найман хүнд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай УЕПГ-т хүсэлт хүргүүлэх, хууль зөрчиж байгаа Ерөнхий сайд, аймаг, сумдын засаг дарга, компанийн захирлуудад эрүүгийн хэрэг үүсгэх, албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, эрх мэдлээ хэтрүүлж байгаа мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдэд эрүүгийн хэрэг үүсгэх гэсэн дөрвөн зүйлийн талаар мэдээлэл  өгсөн юм. Тэд өнөөдөр Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт хүсэлтээ хүргүүлсэн тухайгаа дуулгалаа. Уг хүсэлтэд “Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын эсрэг  хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, үндэсний  баялаг, байгаль орчинд сүйтгэл учруулж  байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гацууртын голд үйл ажиллагаа явуулж буй “Сентерра гоулд” компани, “Пураам” ХХК, Өвөрхангай аймгийн Онги голын цутгал газарт байх “Гурван тамга”  компанийн  захирлуудад эрүүгийн хэрэг үүсгэх, Канад улсын хөрөнгө оруулалттай “Сентерра гоулд”, “Бороогоулд” компанийн захирал Жон Казаковыг оргон зайлахаас таслан сэргийлэх арга хэмжээ авах, дээрх компаниудын хууль бус ажиллагааг өөгшүүлэн үгсэн хуйвалдаж байгаа  аймаг, сумдын засаг дарга, мэргэжлийн  хяналтын болон байгаль орчны  байцаагч нарын албан  тушаалаа урвуулан ашигласан, албан үүрэгтээ хайнга хандсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэх” тухай дурджээ. Түүнчлэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэхгүй хоёр жил гаруй болж  байгаа Засгийн газрын тэргүүн С.Батболдын үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөхийг Ерөнхий прокурор Д.Дорлигжаваас хүссэн байна.

Компанийн захирал, аймаг сумдын засаг дарга нар, ерөнхий сайдад хэрэг үүсгэх хангалттай баримт буюу 200 гаруй хуудас материал, CD бичлэг зэргийг мөн хавсаргажээ. Тэд хүсэлтийнхээ хариуг 5-30 хоногт багтаан авах юм байна. Харин “Гал үндэстэн” холбооны гишүүдэд үүсгээд байгаа эрүүгийн болон захиргааны хэргүүд нь улс төрийн шинжтэй, хууль бус, үйл ажиллагааг нь нухчин дарах зорилго агуулж байгаа аж. Мөн  байгаль орчныхоо төлөө тэмцсэн нь гэмт хэрэг бус харин нийтэд аюултай үйлдлийг таслан зогсоосон аргагүй хамгаалалт учир хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж тэд үзэж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж