Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын эдийн засгийн форум-2018”-д оролцох үеэр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орон болох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн билээ. ‘ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ.
Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно. Монголд хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнээ өнөөдөр бараг чөлөөт худалдааны хэлэлцээртэй байгаа Европийн холбоо, Япон руу татваргүй гаргахаас гадна, удахгүй Евроазийн эдийн засгийн холбоо болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд руу тааламжтай нөхцөлөөр экспортлох боломж ч үүсэх юм’ гэсэн юм.
Тэгвэл ШХАБ-д элсэх нь зөв шийдвэр эсэхийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос тодрууллаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн орон болох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Энэ байгууллагад Монгол Улс гишүүнээр элсэх боломжтой юу?
-ШХАБ-ын үүссэн түүх, одоо байгаа байдал, цаашдын замналыг хараад байхад энэ байгууллага нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн байгууллага болох өндөр магадлал байна гэж би харж байгаа. Хоёрдугаарт, энэ байгууллагад элсэх эсэх асуудлыг олон талаас нь судлах ёстой. Өнөөдөр дотоод гадаад улс төрөө харж биш, дунд болон урт хугацаанд их гүрнүүдийн харилцаа яаж хөгжих, ерөнхий хандлага хаашаа явах, энэ хандлагаас болоод манайд ямар дарамт шахалт ирэхийг тооцоолох хэрэгтэй. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна. Өмнөх Засгийн газар ч тийм байр суурьтай байсан. Яагаад гэвэл Монгол Улс ажиглагч байхдаа энэ байгууллагаас хангалттай мэдээлэл авч байсан. Тэгэхээр бүрэн эрхт гишүүнээр элсэх, ажиглагч байхын ялгаа нь манай улсад мэдрэгдэхгүй. Гадна талдаа бол хоёр том хөршийн нөлөөнд бүрэн автаж байна гэдэг зураглал харагдана. Гуравдугаарт, энэ байгууллага хаашаа хөгжих гээд байгаа сайтар харах ёстой. Өнөөдөр бодит амьдрал дээр хүйтэн дайн эхэлчихлээ. Энэ хүйтэн дайн дахиад хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байна. Дайн сонгодог утгаар өрнөөд явах юм бол манайх шиг жижиг орнуудад асар их нөлөөтэй. Бид бүх түүхээрээ хоёр том их гүрний хэт их нөлөөнд орохгүйн төлөө тэмцэж ирсэн. Тусгаар тогтнол гэдэг бол зүгээр нэг НҮБ-ын гишүүн байхаас илүү бодит байдал дээр бие даасан бодлого явуулж чадах уу гэдэг асуудал байдаг. Монгол Улс 1990 оноос хойш гурав дахьч хөршийн бодлоготой болж чадсан. Энэ гуравдагч хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй.
-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж төвийг сахих бодлогыг дэмждэг байсан. Албан ёсоор төвийг сахих бодлогоо батлаагүй ч төвийг сахиж байгаа улс орон ШХАБ-д элсэх нь хэр зохимжтой байдаг вэ?
–Төвийг сахих гэдэг нь хоёр хэлбэртэй. Нэгт, хууль боловсруулаад улс төрийн шийдвэр гаргаснаа зарлаад явах нэг хэлбэр байдаг. Хоёрт, улс төрийн шийдвэр гаргахгүй ч хар хайрцагны бодлогоор төвийг сахиж болдог. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төвийг сахих санал гаргасан. Бид судлаад одоохондоо огцом шийдвэр гаргах хэрэггүй, хоёр хөршийн харилцааг хөгжүүлэх, гурав дахьч хөршийн бодлого дээрээ анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзсэн. Төвийг сахих бодлогын цаад санаа нь хоёр хөршийн хэт их нөлөөнд автахгүй байх юмсан гэдэг зорилготой юм. Үүний гол баталгаа нь гуравдагч хөршийн бодлогыг дэмжиж, хөрөнгө оруулалт оруулж ирэхэд оршдог.